Ухаантай хүн бусдад дандаа боломж олгодог

Хүн бүрийн амьдралд эргэлт өөрчлөлт гардаг чухал мөч байдаг.  Миний хамгийн анхны ийм мөч 1972 онд тохиосон юм. Би сэтгүүлч болох хүсэлтэй, харамсалтай нь манай сургуульд сэтгүүлчийн хуваарь ирсэнгүй.  Би МУИС, эсвэл Багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид орохоор төлөвлөж байлаа. Нэг өдөр Умсанхан багш: “Нараа минь чи гадаадад сургуульд явсан нь дээр. Ямар ч мэргэжлээр сурсан чи алдахгүй. Хэл сурна, бас гадаадын соёлтой танилцана. Энэ бол чиний амьдралын том боломж” гэлээ.

Хайрлаж, хүндэтгэж явдаг багшийн минь зөвлөгөө намайг зөв сонголт хийхэд нөлөөлсөн. Багш минь ингэж миний амьдралын замыг заасан билээ. Хуучнаар Свердловск, одоогийн Екатеринбург хотод Уралын политехникийн дээд сургуульд дулааны инженерээр суралцаж байхад багшийн хэлсэн өнөөх “том боломж” надад олдсон юм. Хуучин ЗХУ даяар нэр алдар нь түгсэн тэр том сургууль  Нийгмийн ухааны оройн факультеттай байв. Би сэтгүүлчийн ангийг төгсөж, эх орондоо буцаж ирээд Монгол телевизэд ажиллаж эхэлсэн.

Монголчууд “юм үзэж, нүд тайлна” гэдэг.  Юм үзэхийн хэрээр хүн хөгжиж, хүчирхэг болдог ажээ. Энэ бол 40 шахам жилийн тэртээ багшийн хайрласан ухаан байж дээ. Тэр үед би багшийн “гадаадын соёлтой танилцана” гэсэн үгийн утга учрыг төдийлөн ухаараагүй байж. Багшийнхаа сэтгэлийн  үгийн ачаар миний хүсэл мөрөөдөл биелэгдсэн. Хэрэв тэр үед би багшийн зөвлөгөөг дагаагүй, Орос руу яваагүй бол амьдрал маань өнөөдөр ямар байхыг бүү мэд. Үүнээс хойш би бараг хүссэн бүхнээ амьдралаас авсан азтай, аз жаргалтай хүн гэж өөрийгөө боддог.
Умсанхан багш 1965 онд манай сургуульд ирээд, 28 жил багшлахдаа өөр өчнөөн олон хүүхдэд ийм аз жаргал бэлэглэсэн гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Учир нь манай багш цаг ямагт бидэнд хүн шиг хандаж, цаг ямагт бидний төлөө явдаг, биднийг бусдаас өөрийн хүүхэд шиг өмөөрч явдагсан. Ахлах ангид орсоноос хойш бид багш, шавь гэхээсээ илүү найз нөхөд шиг илэн далангүй болсон юм. Тэр үед сурагчдад хориотой, нууц байсан хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлийн тухай сэдэв гэхэд багш бидний дунд нээлттэй байлаа.  Бидэнд нууц гэж байсангүй, бидний хэн нь хэнтэй үерхдэгийг багш мэднэ. Бид багшдаа өөр шигээ л итгэдэг байсан юм.

Багш маань түүхийн багш боловч анх манай ангид орос хэл заадаг байлаа. Багш гэж сүржигнэдэггүй, том хүн гэж том дуугардаггүй, заримдаа сүрхий харж, харцаараа зэмлэдэг ч сэтгэлдээ биднийгээ хайрлаж явдаг багш маань одоо Баян-Өлгийдөө үр хүүхэд, ач гучаараа тойруулан энх тунх амьдарч байна.

Умсанхан багш манай анги даасан багш байсан нь арван жилийн 2-р дунд сургуулийн 1972 оны төгсөгч 10б ангийхны хувьд амьдралд тохиолдсон аз  завшаан, олдсон том боломж байжээ.  Ухаантай хүн бусдад дандаа боломж олгодог.

1972 оны төгсөгч Х.Наранжаргал