Арван минутын жүжгийн зохиол хэрхэн бичих вэ?

Жүжгийн зохиол бичих үндсэн арга, бүтэц

Америкийн жүжгийн зохиолч эмэгтэй Робин Личтиг миний хүсэлтээр 2007 оны 10-р сарын 22-ноос 26-ныг дуустал ДУЭТ-ын бага танхимд “Жүжгийн зохиол бичих үндэс. Арван  минутын жүжгийн зохиол хэрхэн бичих вэ?” сургалт явуулсан юм. .


Үндсэн хэрэглүүр, тодорхойлолт
1. ЗАН БАЙДАЛ.  Сонирхолтой баатрууд:

Протагонист (Гол баатар) Баатарт өөрийн зорилгод хүрэх асар их  хэрэгцээ бий.  Тэрээр бас ихээхэн эрсдэлтэй учирч, хүнд хэцүү саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Тэрээр жүжгийн эхлэлээс төгсгөл хүртэл хэнээс ч илүүтэйгээр өөрчлөгдөнө. 

Антогонист (Муу залуу гэж хэрлэх нь бий.) Түүний хүсэл гол баатрын хүсэж буй зүйлээс шууд эсрэг тэсрэг байна. Тэрээр мөн л өөрийн зорилгод хүрэхийн тулд маш их зүтгэл гаргана.

2. ЗОРИЛГО. Зорилт .

Баатрууд юу хүсэж байна вэ?  Баатруудаас хамааран хичнээн ч зорилго байж болно. Зорилго гэж үзэгчийн харах, эсвэл сонсох зүйл юм.

3.ҮЙЛДЭЛ

Зорилгодоо хүрэхийн тулд баатрууд юу хийхийг оролдох вэ? Бааатар янз бүрийн үйлдэл хийнэ.  Саад бэрхшээлийг гэтлэн давахад хэцүү болохын хэрээр үйлдэл илүү хүчтэй болно. Хөдөлгөөн идэвхтэй, идэвхгүй гэж байна.

Жишээ нь, загнах, огцом уурлах, ятгах, учирлах, зэвүүн инээх. Өвчтэй болж баашлах, зугтах, худал хэлэх, юм шидэх, захидал бичих, гар буу цэнэглэх гэх мэт

Аль нэг баатрыг зорьсондоо хүрэхэд нь саад учруулах, зорилгодоо дөхөж очих зорилгоор үйлдэл хийнэ. Үйлдлийг үзэгч сонсож, харна.

4. ЗӨРЧИЛ

Зөрчил нь саад бэрхшээлийг гэтлэхэд хэцүү, үйлдэл хүчтэй бoлсоны үр дүнд бий болно. Зөрчлийг чинээнд нь тулга. Ямар ч зүйлийг амарханаар бүү хий. Драм бол зөрчил юм.

5. СААД БЭХШЭЭЛ

Өөр нэг баатрыг зорьсонд нь хүргэхгүйн тулд аль нэг баатрын зүгээс учруулах саад тотгор. Гол төлөв амьгүй зүйл байдаг. Жишээ нь: Ганцаардал. бие муудах, ичингүйрэл, ажилгүй болох, хайртай хүн, эцэг эх, хүүхдээ алдах, нууц задлах, итгэл алдах, төөрөгдөл гэх мэт

Саад бэрхшээлийг үйлдэл бий болгоно.

6. ХЯМРАЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

Энэ бол протагонистийн  хамгийн хэцүү, хамгийн түвэгтэй үйлдэл юм. Жүжгийн төгсгөл хавьд, дээд туйлын өмнөхөн үүсдэг. Энэ нь эргэж буцалтгүй, эцсийн шийдвэр байна. Үүний дараа бүх юм өөр болно.

7. ХӨЗӨР ДЭЛГЭХ

Зорилгодоо эс хүрвэл баатар ямар эрсдэлтэй учрах вэ?

8. АЯЛАЛ

Жүжгийн турш баатрын сэтгэл санаанд гарах өөрчлөлт

БҮТЭЦ – АРВАН МИНУТЫН ЖҮЖИГ

1. ЭХЛЭЛ

Зөрчил,эсвэл хямрал аль хэдийн болж байгаа үед эхэл. Хоёрдугаар хуудаснаас өмнө үзэгчид баатрудын хэн нь протагонист, тэр ямар зорилготойг мэдсэн байх ёстой.

 2. ДУНД ХЭСЭГ

Жүжгийн хамгийн  том хэсэг. Саад бэрхшээл бий болж, гэтлэхэд өмнөхөөс илүү хэцүү болно. Тооны хувьд гурван саад бэрхшээл боломжийн сайн. Протагонист саад бэрхшээлийг гэтлэн давж, зорилгодоо хүрэхийн тулд улам хүчтэй үйлдэл хийнэ. Антогонист хүрэх ёстой өөрийн зорилготой. Тэд бие биеийнхээ замд саад бэрхшээл учруулна. Хоёул бие биенээсээ ямар нэг зүйл хүснэ. Энэ нь зөрчил үүсгэдэг. Хэн нэг нь зорилгодоо хүрсэн бол нөгөө нь үгүй.

3. ХЯМРАЛ

Жүжгийн төгсгөл хавьд хямрал бий болно. Протагонист  буланд шахагдана. Тэрээр хамгийн том шийдвэр гаргаж, хамгийн хүнд үйлдлийн ард гарна. Баатар илүү зоригтой болдог ч юм уу, эсвэл буруугаа ойлгох, эсвэл… гэх мэтээр жүжгийн турш баатарт гарсан өөрчлөлт нь түүнийг хүнд хэцүү шийдвэр гаргах, сонголт хийхэд нөлөөлнө.

4. ТАЙЛАЛ

Төгсгөлийн хуудсанд байна. Протагонист зорьсондоо хүрсэн ч, хүрээгүй ч түүний ертөнц жүжгийн эхэнд байснаас өөр болсон байна.  Энэ байдал дахин хэзээ ч урьдын адил болохгүй.

5. ТӨГСГӨЛ. ХАРАНХУЙЛАЛ

САНАГТУН!

ҮЗҮҮЛ. БҮҮ ӨГҮҮЛ.

ҮЗЭГЧИЙГ БҮҮ УЙДАА.