Телевизийн буурал Жаргал

Жаргал даргын тухай хүн бүр өөрийн бодолтой, хүн бүр түүнийг өөрийнхөөрөө ойлгоно, дүгнэнэ. Зарим нь сайн хүн гэх. Зарим түүн шиг муу хүн байхгүй гэх. Тэр бусдын адил нөхөдтэй, бас дайсантай. Гэсэн хэдий ч “телевиз түүний амьдрал” гэвэл маргах хүн цөөн гарах байх.

Тэр нэг дарга болно, нэг цэрэг болно. Жаргал дарга одоо тэр тэтгэвэрт бидний хэлж заншсанаар гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа. Гэхдээ бидний хувьд мөнхийн дарга. “Телевизийнхээ хашаанд үхнэ” гэж нэгэнтээ хэлж билээ. Магадгүй.


Хөнгөн дэврүү, залуу халуун, гэнэн томоогүй миний хөлийг дөрөөнд, гарыг ганзганд хүргэж, телевизийн хүн болгосон ачтан билээ, Жаргал дарга.


1979 оны 7-р сард ЗХУ-д Уралын политехникийн дээд сургуул(УПИ)-ийн дулааны инженерийн анги төгсөөд Дулааны шугам сүлжээний газарт слесарь, дагалдан инженер хийж, хотын дулааны шугам судалж байтал 11-р сард Монгол телевизийн Программын захиргааны дарга Жаргал гэдэг хүн утсаар ярьж байна.

- Монгол телевизээс Жаргал гэж хүн ярьж байна. Таны телевизэд ажиллах сонирхол хэвээрээ бол ирж уулзах уу?

- За

Би дөрвөн сар энэ тухай мөрөөдөж, бараг итгэл алдраад байсан үе.  Даргаасаа чөлөө авахаар ороход тэрээр намайг телевизэд авна гэдэгт итгэхгүй байгаа бололтой, “Очиж уулзчихаад ир. Долоо хоногийн дараа жинхлэх шалгалт өгнө шүү. Сайн бэлтгээрэй” гэв.

Утсаар ярьсан хүнээ “тийм л хүн байгаа болов уу “ хэмээн дотроо төсөөлөн, хуучин төвийн 3-р давхарт гарч, хулгасхийн хаалгы нь тогшвол “ За” гэж байна.  Тас хар халимагтай залуу дарга ширээнийхээ ард сууж байна. Шанааных нь үс бууралтаж яваа, нүдний шилтэй, махлагдуу хижээл дарга угтана гэж би төсөөлж байв. Диплом, бичиг баримтаа өглөө. Миний хавтаст дипломын ажил, УПИ-гийн Нийгмийн ухааны оройн факультетийн сэтгүүлчийн ангийн диплом, Свердловск хотын залуучуудын “Смена”, сургуулийнхаа “За индустриальные кадры” сонинд хэвлүүлсэн хэд хэд, “Залуучуудын үнэн” сонинд хэвлэгдсэн цорын ганц материал, сургуулийн телевизийн оюутны студэд Монголын тусгаар тогтнолын ойгоор бэлтгэж явуулсан нэвтрүүлгийн зохиол гээд бас бус юм байсан. Тэрээр миний материалуудыг их л анхааралтай үзэж байна. Зүрх цохилон түгшин суухад хэдэн зуун өнгөрөх шиг урт санагдаж билээ. Жаргал дарга гэтэл:

- “Градирня гэж юу байдаг юм бэ? “гэж байна. Үнэндээ би ийм асуулт хүлээгээгүй. Уран бүтээл, сэтгүүл зүй гэх мэтийн асуулт тавих байх гэж бодоод дотроо бэлтгэж байсан.

- Дулааны цахилгаан станцын дэргэд огтлогдсон пирамид шиг нэг юм байдаг даа. Тэрийг хэлж байгаа юм. 

- Юунд хэрэгтэй юм бэ?

- Хөргөлтийн системд

 Би бараг дулаан, цахилгаан гаргаж авах технологийг тайлбарлах шахав. Инээж байна. Би юу ч мэдэхгүй амьтанд их юм зааж байгаа аятай хэрэндээ маадгар байв.  Жаргал дарга тоо, физикийн багш, надаар хэлүүлэлтгүй, бүгдийг мэдэхийн цаагуур мэдэж байсныг би яаж мэдэх вэ дээ. Тэгэхэд би сургуулиа хэрэндээ сайн төгссөн, дэд эрдэмтэн хамгаалах рекомендацитай, асуугаад байсан тэр градирня миний хамгаалах сэдэвтэй холбоотой байлаа. Тэр намайг сорьж байжээ.

 Ингээд би Монгол телевизийн Хүүхдийн редакцид редактораар ажиллаж эхэлсэн ч телевизийн хүн болох өдий байв. Намайг инженер учир Жаргал дарга “Шинжлэх ухаан, техник” нэвтрүүлэг бэлтгэх даалгавар өглөө. Дээр нь хүүхдэд зориулсан биеийн тамир, спортын “Оноо, хурд, хурам”, “Телеолимпиад” гэсэн хоёр нэвтрүүлэг нэмж өгөв.

Миний анхны нэвтрүүлэг “Шинжлэх ухаан, техник” 1980 оны 1-р сарын 8-нд эфирт гарсан юм. Би гэдэг хүн ромбоо зүүчихсэн ярилцлага аваад л… найруулагч Дуламсүрэн эгч намайг зоригжуулаад л… Дуламсүрэн эгч “Нүгэл буян”, “Агуйн нууц” зэрэг уран сайхны киногоор үзэгчдийн танил болсон том хүн л дээ.

Эфирийн маргааш Жаргал дарга дуудаж байна.

- Дөнгөж орноосоо боссон юм шиг толгойтой эфирт битгий гарч бай. Явж ажлаа хий

Уул нь би тухайн үед ид моод болж байсан, “гарсон” маягаар үсээ засуулж, хэрэндээ гоёчихсон байсан л даа. Гэвч дарга хэлсэн болохоор яая гэхэв, түүний зөв биз.  Муухай харагдсан юм байлгүй. Жаргал дарга лав буржийлгасан үсэнд дуртай байх.

Нэвтрүүлгийн зохиолыг Жаргал дарга уншина аа. Би текстээ уншаад л байна, уншаад л байна. Боллоо гэж бодоод л Жаргал даргад өгнө. Дарга хар бэхтэй үзгээр цоохорлоод л байна, цоохорлоод л байна. Би засаад л байна, засаад л байна.  Дарга эрээлээд л буцаана. Сүүлдээ уур хүрч, зохиолоо шургуулгандаа шидчихээд нэг, хоёр хонох болов. Заримдаа “намайг тамалж байна” гэж гомдоно. Гэвч Жаргал даргын зөвшөөрөлгүй бол бичлэгийн цаг ч өгөхгүй, унаа, камера ч байхгүй. Уурлаад ч, гомдоод ч яах билээ дээ. Тэр үед Жаргал даргын өмнөөс үг хэлэх зүрх зориг байх биш. Үнэндээ ч би Орост олон жил сураад эх хэлээрээ бичих нь битгий хэл, худлаа хэлсэн хүнд уншаад дутуу дулимаг ойлгодог болсон байв. Модон хэлтэй намайг “монголжуулж” байсан нь тэр.

Ер нь тэр үед бараг гурван жил ажиллаж байж, нэг телевизийн хүн болно. Заримдаа гурван жил болсон хүнийг ч шинэ гэдэгсэн.

Жаргал даргынх манай байранд юмсанж. Тэднийх хоёрын А, манайх хоёрын Д. Өглөө ажилдаа очихоор гарахад хааяа Жаргал дарга явж үзэгдэнэ.  Түүнийг хойгуур явж байвал би урдуур, урдуур явж байвал  хойгуур зөрж гүйнэ. Ингэж байтал нэг өдөр телевизийн хойт хаалга дээр халз мөргөлдөв. II сар байсан юм болов уу даа. Дарга надаас Свердловскт  II сард аль хэр хүйтэн тухай асуув. Би “Хасах хорин тав зургаатай” гэсэн чинь “Тийм хүйтэн үү?” гэж гайхаж байна.  Би ч даргаас яаж зугтах тухай л бодож байсан байх. “Нээрээ тийм. Уралын нуруунд дээр юм чинь “ гэж мэдэмхийрэв. Хожим бодохнээ нээрээ яаж тийм хүйтэн байх вэ дээ. Намайг “худалч” гэж бодсон байх гэхээс бүр айдас хүрч, улам зугтдаг боллоо.

Жаргал дарга ажлын өндөр шаардлагатай, өмхий үгтэй ч бусад үед туйлын энгийн, найрсаг, хүний жаргал зовлонг сайн ойлгодог гэдгийг тэр үед би яаж мэдэх вэ.

1980 оны эхээр Монгол телевизийн захиргаа надад Майн баярын жагсаалын зохиол бичих үүрэг даалгавар өгөв. Баярын жагсаалын зохиол бичих нь шагнал өндөртэй, дадлага туршлагагүй залуу редакторт тэр бүр олддоггүй ажил л даа. Би айж, гайхаж байв. Нэгэнт дарга тушаасан хойно бичихээс яахав. Бичиж бичиж эргээд уншихад төгсгөл нь ижил болчихно. Арайхийж бэлэн болгож, Утга зохиолын нарийн бичгийн дарга, яруу найрагч агсан Т.Очирхүүгийн гараас гаргаж, Жаргал даргад өгтөл хар эрээн цаас буцаж ирэв. Дахиад л заслаа. Дахиад л хар эрээн. Тэр зохиолыг хэд дахиж бичсэнийг бүү мэд. Ямартай ч Майн баярын урд өдрийн орой 8 цагт Жаргал даргын гарын үсэгтэй зохиолоо хүлээлгэж өгөөд сэтгэл цэлмэж билээ.

Бас нэг өдөр манай редакцийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Нацагдорж гуай асууж байна.

- Чи чинь ингэхэд ойрд хүүхэд шуухдын талаар ямар бодолтой байгаа вэ?

Албаны том дарга залуу эмэгтэйгээс ийм юм асууна гэж бодоогүй тул нүүр халуу оргиж, ичиж үхэх шахав. Даргынхаа нүүр рүү эгцэлж харж чадахгүй, ширээ  ширтэнгээ:

-   Ер нь бодолгүй байгаа гэх шүү юм бувтналаа.

Тэр үед би 1981 онд болох Зөвлөлт-монголын сансрын хамтарсан нислэгийн

нэвтрүүлгийн багт ажиллуулахаар намайг туршиж байсаныг хэрхэн мэдэх билээ. Хожим нэлээн хэдэн жилийн дараа Нацагдорж гуай Жаргал “Цаад хүүхнийг чинь сансрын багт оруулчихвал жирэмсний амралт аваад явчих юм биш биз? Гэдэс хавиараа бүдүүн харагдаад байна гэсэн” хэмээн хуучилсан юм. Орост шарсан төмс, гоймонгийн “ачаар” бий болсон миний харвин дарга нарын сэтгэлийг нэг удаа зовоосон байгаа юм.

1980 онд Жаргал даргаар ахлуулсан сансрын баг байгуулагдаж, “Сансарт хүрсэн зам“ цуврал нэвтрүүлгийн төлөвлөгөө хийх ажил эхэлсэн юм. Би түүний шууд удирдлагад “тамлагдан хатах” шинжтэй болов. Манай баг 1981 он гараад Монгол телевизийн хуучин төвд, харуулын дэргэдэх  зочны өрөөнд төвхнөж, хаалган дээрээ “Гадны хүн орж үл болно” гэсэн бичиг хадсан чинь харин хүн бүр хэрэгт дурлан шагайж байв.  Үндсэн нэвтрүүлгээс чөлөөлөөгүй учир үдэш орой болтол өрөөндөө суун,  бараг гэрээ мартсан гэсэр болов.. Жаргал дарга явахгүй. “Түргэн яваасай“ гэж дотроо гэж залбирна.  Өрөө хүйтэн, тух муутай. Би тамхи баагуулаад л сууна. Жаргал дарга намайг байнга зэмлэнэ. Хорон үг чулуудна. Нэг орой сүрхий загнах аястай. “Өөрийгөө хордууллаа…” гэнэ. Би дуугүй л суулаа. Гэтэл нэлээн хугацаа өнгөрсөний дараа тэр: “ Миний ээж  бас тамхи татдаг. Намайг “ хүүхэд хордууллаа “ гэж уурлахаар “ Би та нарыг тамхиа татаж байгаад л өсгөсөн. Тамхиа татаж байгаад л үхнэ гэдэг ”юм гэв.

Жаргалыг уучлал хүсэж байна гэдгийг ойлгосон. Бас өнгөн дээрээ ширүүн дориун хэрнээ сэтгэл зөөлөн хүн болохыг мэдэрч билээ.

“Сансарт хүрсэн зам “ нэвтрүүлэгт ажиллаж байхдаа би Жаргал даргаас маш их зүйл сурсан. Сэтгүүлч задлан шинжлэх, дүгнэн нэгтгэх чадвартай байх ёстойг би ойлгосон.

Жаргал дарга маш их уншина. Өргөн хүрээтэй уншина. Тэр олон талын мэдлэгтэй, маш нарийн мэдрэмжтэй. Ажилдаа бусдаас түрүүн ирж, бусдаас сүүлд явна. Ар гар, ахуй амьдрал гэхээсээ ажлаа энэ тэргүүнд тавина. Жаргал дарга сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахаас эхлэн хамтарсан нислэгийн бүхий л бэлтгэл ажилд оролцсон. Харин нислэгийн үеэр түүнийг Москвагийн багт оруулалгүй, арын албанд үлдээсэнд өөрийн эрхгүй өмнөөс нь харамсдаг.

Түүнтэй хамт нэг багт хамт ажилласандаа би өнөө хэр бахархаж явдаг. Тэр үеэс л миний айдас жийрхэл алга болж, би түүнийг дарга биш, жирийн хүн гэж харах болсон. Заримдаа зориглон өөдөөс нь цор цор хийх болов.  

Хүүхдийн редакцид байхад бараг жил бүр л надад хичээлийн шинэ жил, найрамдлын өдөр, Хүүндийн баярт зориулсан нэвтрүүлэг хийх ээлж тохионо. Нэг удаа хичээлийн шинэ жилд зориулсан нэвтрүүлгээ Жаргал даргад үзүүллээ. Миний зохиолд “ Есдүгээр сарын нэгэн. Жил бүрийн энэ өдөр мөнгөн хонхны жингэнэсэн дуугаар сургуулийнхаа зүг яараагүй монгол хүн үгүй“ гэсэн утгатай тайлбар байж билээ. Жаргал дарга нэвтрүүлгийг эфирт гаргах зөвшөөрөл өгч, гарын үсэг зурснаа:

-        Битгий худлаа хэлж байгаач гэв.

-        Юу гэж худлаа хэлсэн юм бэ? гэж би өрвөлзлөө.

-    Миний аав, ээж хоёр л лав мөнгөн хонхны жингэнэсэн дуугаар сургуулийн зүг яарч байгаагүй

 Түүнээс хойш сэтгэлийн хөөрлөө дарж, үг бүрнээ цэгнэх болсон.

Бас нэг удаа Найрамдлын сард зориулан орос, монгол сургуулийн сурагчдын уулзалт зохион байгуулав. Жаргал даргад үзүүлэхээс өмнө би өөрөө тааруухан нэвтрүүлэг болсныг сайн мэдэж байлаа. Бараг эфирт гарагахгүй байх гэж айж байсан юм даг. Жаргал дарга нэвтрүүлгийг минь дуугүй үздэггүй. Бараг л план, үг бүрийг шүүмжилж байна. Гэнэт миний гэдэн хөдөлж, хэлсэн бүхнийг  сөрж, өөрийгөө хамгаалсаар л байлаа. Жаргал дарга гарын үсгээ зурлаа. Миний ичсэн гэж яав аа. Би өдөржин шаналав. Тэрний оронд намайг толгой түрүүгүй загнасан, эсвэл бүр цохиод авсан бол дээр байсан. Шөнө нь зүүдлэв.  Жаргал даргын зангиаг засаж, хацры нь илээд л, их долигнож байна. Маргааш нь өөрөөсөө, зүүднээсээ ичээд хэдэн өдөр Жаргал даргатай тааралдахаас зугтаж билээ.

Энэ бол алдаагаа шударгаар хүлээж сурахын том сургууль байлаа.

Ер нь Жаргал дарга хүнийг учиргүй, толгой түрүүгүй  доромжилж загнахгүй л дээ. Хэлсэн үг нь хорон, ёжтой ч цохиод авснаас илүү хүчтэй бууна. Жаргал дарга тэгэж хэлсэн, ингэж хэлсэн гэх мэтээр үлгэр домог шиг яриа телевизээр нэг тарна. Би заримд нь итгэнэ, заримд нь итгэхгүй.

Нэг удаа би “Цагийн хүрд”-ийн дараа бичлэгтэй тул хүлээгээд нэвтрүүлэх танхимын үүдэнд зогсож байв. “Цагийн хүрд” дуусч, Жаргал дарга инженерийн өрөөнөөс, нэвтрүүлэгч Бямбаа нэвтрүүлэх танхимаас гарч ирэв.

-          Бямбаа сайхан амарсан уу?

-          Сайхан амарсан

-          Тийм байх. Хэл чинь лав өөхөлчихөж

Бямбаа бичлэгийн үеэр хэд хэд алдсан юмсанж.

Жаргал дарга хааяа надаар баримтат, уран сайхны киног орос хэлнээс сонсоод цаасан дээр буулгах даалгавар өгнө. Хуучин төвийн кино танхимын арын өрөөнд МЭЗ гэх томор дамартай, хуучин магнитофонд хальсаа урагш нь хойш нь дахин дахин эргүүлэн ухантана.  Үүний ачаар би дараа нь орос бичвэрийг цаасан дээр буулгалгүй шууд сонсоод орчуулах дадлага эзэмшсэн.  Текст нь дагалдаж ирээгүй кино орчуулахад мөн ч хэрэг болсонсон. 

Сүлжээт нэвтрүүлгийнхээ араас босохгүй байхад Жаргал дарга надад байсхийгээд л нэмэлт нэвтрүүүлэг бэлтгэхийг тушаана.  Би дүргүй байсан ч эсэргүүцэж чадахгүй. Аль болох гайгүй юм болгочих санаатай гүрийнэ. Тийм зарим тушаалаар би “Телевиз амьдралд гүнзгий нэвтэрч байна”, “Телевизийн өчигдөр, өнөөдөр, маргааш” гэх мэт нэвтрүүлэг хийх болов. Өөрийн эрхгүй телевизийн сэтгүүл зүй, телетеатрын онол, дадлагыг сонирхон судлах болсон юм. Үүний ачаар би хожим нь их, дээд сургуульд хичээл зааж, хэд хэдэн шүүмж, өгүүлэл, “Телевизийн сэтгүүл зүй” номоо бичсэн билээ. Монгол телевизээс гарснаасаа хойш найруулагч Ч.Янжмаагийн хүсэлтээр телевизийн анхдагчдын тухай “ Эргэн санахын учир”  нэвтрүүлгийн зохиол бичиж билээ.  

1987 оны сүүлээр би Соёл урлагийн хариуцлагатай редактораар ажиллаж байхдаа   хүүхдийн жүжиг ховор тул өөрөө нэг юм сараачлаа. Уран сайхны зөвлөлд уншуулахаар зориглон өгөхдөө би Жаргал даргыг “Чиний жүжиг бичдэг гэж хаашаа харсан юм байдаг юм бэ?” гэх маягийн юм хэлэх байх гэж бодож билээ. Ер нь Жаргал дарга уран зохиолын туйлын өндөр мэдрэмжтэй,  сонгодог зохиол олныг уншсан л даа. Би түүнийг зохиолыг маань зад шүүмжлэнэ дээ гэж хүлээж байсн. Гэтэл тэр тэгээгүй. “Баавгайтай чихэр” гэдэг нэртэй зохиолыг минь 1988 онд Ц.Жандал найруулан тавьсан. Миний хамгийн анхны драмын бүтээл. Энэ нь надад их урам хайрлаж, өөртөө итгэх итгэл өгч, хожим нь телевизийн, тайзны хэд хэдэн зохиол бичсэн маань тавигдсан.

1992 онд Лондонд дөрвөн сар сураад ирэхэд Жаргал дарга Монгол телевизийн дарга болсон байв. Намайг 4-р сард Программын захиргааны даргаар томилов. Улс орон зах зээлд шилжээд удаагүй, телевиз санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан хэцүү цаг байлаа. Жаргал даргын итгэлийг дааж, урмыг нь хугалахгүйг хэрэндээ хичээвч юм тэр бүр санаснаар болохгүй байсан. Бид ч удаан хамт ажилласангүй сонгуулийн дараа тэр солигддоо. Оронд нь Ш.Алтансүх ирж,  Жаргал даргыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Эврика” гэдэг цуврал нэвтрүүлгийн редактораар томилсон санагдаж байна. 

Эргээд бодоход ажил, амьдралын эргэлт бүхэнд Жаргал дарга надад нөлөөлсөн байх юм. Би 1995 онд би Монгол телевизээс гарч, ДАНИДА-гийн “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл” төсөл дээр ажиллах болсон юм. Монголын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ц. Бат-Орших утасдаж Данийн төсөл дээр ажиллах санал тавихад шийдвэр гаргах хэцүү байв. Найз нөхөдтэйгээ зөвлөлөө. Эцэст нь, Жаргал дарга руу залгав. Тэр дэмжиж байна.

-          Огт мэдэхгүй шал өөр салбар юм хэмээн намайг эргэлзэнгүй хэлбэл

тэрээр:

-          Чи телевизийг мэддэг байгаад ирсэн гэж үү? гэв.

Өөрийгөө телевизийн төлөө төрсөн мэт бодож байсан би хүртэл “урвав”. Жаргал дарга бол хэзээ ч урваж байсангүй. 

Улс төр хатуу тоглоом учир мэргэжлийн байгууллагад ч өөрийн дүрмийг тулгана. Тэр тусам Засгийн газрын харъяат, мэдээллийн том хэрэгсэлд энэ нь бүр илүүтэй мэдрэгдэнэ. Үүнд гагцхүү улс төрийн ашиг сонирхол үйлчилдэг. Мэргэжил мэдлэг, дадлага туршлага томилгоонд юу ч биш.

Ах намынхан Жаргал даргыг Ардчилсан намын хүн гэх. Ардчилсан намынхан болохоор хувсгалт намынх гэх. Үнэн нь гэвэл тэр Телевизийн л хүн байсан. 

Гурван жилийн өмнө, “Намынхаа төлөө саналаа өгөөд үхэх юмсан” гэж үгэлсээр амжилгүй аав минь бурхны оронд залрав. Жаргал дарга эхнэртэйгээ ирлээ.  Ижий минь хожим “Нараа их тэвчсэнсэн. Харин Жаргал даргыгаа хараад дусал нулимс унагана лээ” гэж билээ. Аав минь нэг өдөр туйлын баяртай. Жаргал дарга утсаар ярьж, биеий нь асуужээ.

-Жаргал дарга миний охиныг магтаж байна лээ. Аавыгаа амьдад нь баярлуулсан ганц тохиолдол энэ байсан байж магадгүй.

 Би Жаргал даргад баярлалаа гэж ганц удаа хэлсэнгүй. Өнөө хэр боломж гарсангүй. Миний мэдэхийн тэр насны ой тэмдэглэж, гавъяа шагнал угааж найрлаж байгаагүй.  Харин 40 жилийн тэртээ, “Монголын Зурагт Радио” нэртэй байгуулагдаж, 1969 оны 9-р сарын 27-нд анхны нэвтрүүлгээ үээгдэд өргөн барьсан энэ өдөр түүний хамгийн баяртай өдрийн нэг болно. Учир нь тэр чухамхүү энэ л гал голомтод алдаж, онож, унаж, босож, өгсөж, уруудаж, хүний амьдралыг туулсан.

Хүнд ажлаас гадна хувийн амьдрал байдаг бол Жаргал даргад ганцхан л амьдрал байдаг. Тэр нь телевиз. Түүнтэй хамт ажиллаж байсан зарим хүн хувийн телевиз байгуулаад урьж байсан дуулддаг. Тэр очоогүй. Түүнд гал голомт өөрийнх нь нутаг орон, гэр бүлээс ч үнэтэй. Хааяа түүнтэй уулзахад зөвхөн телевизийн тухай ярина. Болж бүтэхгүй байгаа зүйлийнх нь төлөө эгээ л үр хүүхэд, хань ижил нь мэт шанална, зовно.

Тас хар халимагийн тухай би зүгээр ч нэг дурдсангүй. Өнөөдөр Жаргал даргын толгойд ширхэг хар үс байхгүй. Түүнийг буурал Жаргал гэх болж. Түүний толгойд гялалзах мөнгөн сорны ширхэг бүхэнд телевизийн төлөө гэсэн сэтгэл нь шингэсэн байдаг.

Телевиз бол Жаргал даргын амьдрал

Х.Наранжаргал

2007.08.13