Хараат бус телевизийн төлөө ажилласан

1991 онсон. Надад Их Британий Лондон хотноо англи хэл сурах, “Би-Би-Си”(BBC) өргөн нэвтрүүлгийн корпорацид хоёр долоо хоног дадлага хийх ховорхон боломж олдсонд би гүнээ талархаж явдаг юм.  Тэнд дөрвөн сар хагас болоод, 1992 оны 3-р сарын сүүлээр буцаж ирэхэд манайд өөрчлөлт гарч, З.Алтай ерөнхий захирал, Д.Жаргал Монгол телевизийн захирал, Г.Золжаргал Программын захиргааны дарга болсон байв.

Лондон явахын өмнө би Ц.Мөнхтөр захиралтай, уран бүтээлийн “Цацал” нэгдлийн Утга зохиолын нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Миний бие 1992 оны 4-р сарын 1-ны өдөр Монгол телевизийн Программын захиргааны даргаар томилогдож, 1994 оны 10-р сарын 16-ныг хүртэл ажилласан билээ.


Улс эх орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоолд шилжээд удаагүй, төрийн санхүүгийн чадавхи сул, манайд хуваарилдаг төсвийн хэмжээ буурсан амаргүй үе байлаа. Зар сурталчилгаа, пи-ар дөнгөж эхлэлийн төдий, тэдгээрийн тухай бидний мэдлэг төлбөр авч, захиалгаар нэвтрүүлэг хийж болдог гэхээс илүүгүй байсан юм даг.  Тухайн үед төлбөртэй нэг нэвтрүүлгээс 20 мянган төгрөг авдаг байсан шиг санагдаж байна. Мөн хөтөлбөрийн дундуур нэвтрүүлдэг зарлал хөрөнгийн бас нэг үүсвэр байлаа.
Тэр үед дүрс бичлэгийн нэг хальс 40-90 ам.доллар, сувгийн зардлын нэг минут 8 ам. доллар, харин төлбөртэй нэвтрүүлгийн нэг минутын үнэ 1000 төгрөг байсан цаг. Цахилгаан, дулаан, техникийн түрээс, шатахуун гээд бүх юмны үнэ өссөн ч улсаас зөрүүг нь олгодоггүй байв. Өсөөгүй үлдсэн зүйл нь уран бүтээлчдийн  цалин, идэвхтэний шагнал л байсан. Надад итгэсэн хүмүүс, биднээс чанартай, шинэ уран бүтээл хүлээж суугаа үзэгчдийн урмыг хугалахгүйг хичээвч, санхүүгийн бодит нөхцөл байдал программын дорвитой өөрчлөлт хийхэд чөдөр болж байлаа. Гэсэн ч би Монгол телевиз оройжин айлын нохой алга болсон, салан этгээд эд зүйлээ хаясан, хариуцлагагүй эцэг, эх хүүхдээ алдсан тухай, эсвэл цагдаагийнхны өмнөөс гэмт хэрэгтний дүр төрх, зүс царай, шинж тэмдгийн  тухай зарлал нэвтрүүлэхийн эсрэг байсан. Телевиз гэсэн  мэргэжлийн байгууллагын өнгө төрх үзэгчдэд хүргэж буй нэвтрүүлгийн чанараас шалтгаална гэсэн зарчмыг хатуу баримталсан юм.
Нөгөөтэйгүүр, ардчилсан, төр засгаас хараат бус хэвлэл мэдээлллийн хэрэгслийн тухай бидний ойлголт будлиантай ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч үзэл ид цэцэглэн хөгжиж, нөгөөтэйгүүр төр, засаг өөрийн мэдлийн ХМХ-тэйгээ хэрхэн харьцахаа мэдэхгүй, шууд хяналт, цагдан хяналт (цензур) нь суларч, ерөнхийд нь чөлөөтэй орхисон, хараат бус байдал давамгайлсан цаг үе байсан.

Чингис хааны 850 жилийн ой, Торгоны замын тухай нэвтрүүлгийн групп томилж, Хан хуур залах ёслолын бэлтгэл хангахаас миний ажил эхэлсэн юм даг.  Редактор Ц.Пунсаа “Агшин” нэвтрүүлгээ эхлэх бэлтгэл ажлаа үндсэндээ дуусгасан, Оросын телевизийн “Поле чудес” нэвтрүүлгийн хөтлөгч Якубовичийн ярилцлагыг Москва дахь сурвалжлагчаар дамжуулан авахад дэмжлэг үзүүлэх тухай Жаргал дарга хэлж байсан. Мөн Монгол телевиз байгуулагдсаны 25 жилийн ой тэмдэглэх комисс томилох бас нэг чухал ажил байлаа. Энэ бүхнээс хамгийн чухал нь 1992 оны УИХ-ын сонгуулийг мэдээлэх, сурталчлах ажил байв. Тэр үед улс төрийн 14 нам албан ёсны бүртгэлтэй, сонгуулийн сурталчилгаа 4-р сарын 14-нд эхэлж, 26-нд дуусах ёстой байв. Намуудад 14 хоног тутам 20 минутын нэвтрүүлэг явуулах боломж олгож, төлбөрийг 50 хувиар хөнгөлж байжээ. Нэг минутад 2500 төгрөг авч байсан байх юм. Сонгуулийн группт Ш.Онгой, Халиун, Дашням, Банзрагч, Мөнхцэрэн, Мягмар нарыг ажиллуулахаар томилж байв. Дээр нь манай мэдээний редакцид Ц.Мөнхтөр, С.Мөнхцэрэн, Мягмар гэх зэрэг чадалтай сайн тоймч, сэтгүүлч ажиллаж байсан тул зохион байгуулалтын гэхээс бусад зүйлд төдийлөн санаа зовох хэрэггүй байлаа. Харин сонгуулийн суталчилгааны төгсгөлд Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол телевизийг “Сонгуулийн сурталчилгаа дуусахаас 24 цагийн өмнө олон нийтийн санал асуулга нэвтрүүлсэн “ хэмээн нэхэмжлэх гаргаж, шүүхэд өгөв. Би телевизээ төлөөлж, СЕХ-г Батболд гэж залуу төлөөлөв. Санал асуулгыг “Цагийн хүрд”-ээр дамжуулсан юм. Миний тоолоход яахын аргагүй 24 цаг дотроо багтаж, СЕХ-ныхоор бол 24 цагийн дараа болчихоод байсан энэ зарга нэлээн сунжирч, эцэст нь ялагдан 3000 төгрөгөөр торгуулж салсан юм. Шүүх хурал Наадмын өмнхөн болсон санагдаж байна. Би хурал дээр “Хайран цагийн гарз.  Үүний оронд би наадмын нэвтрүүлгийн тухай ярилцаж байсан бол дээр” хэмээн омогдож байсанаа санах юм.
   Телевизийн үзэгчдэд үзүүлэх нөлөөтэй холбоотой байж мэдэх хоёр жишээг дор дурдав. 
1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол телевиз анх удаа нэр дэвшигч, тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, зохиолч, эрдэмтэн Л.Түдэв нартай халз мэтгэлцээн зохион байгуулав. Хоёр мэтгэлцээний эхнийхийг нэр дэвшигч,  сэтгүүлчдийн дунд зохион байгуулж, хоёр дахийг нь шууд дамжуулан, үзэгчдийн асуултад шууд хариулсан юм. Оройжин шахуу явсан энэ нэвтрүүлэг “Цагийн хүрд” мэдээний хөтөлбөр эфирт явах зуур завсарлав. Түдэв гуай студээс нэлээн бухимдуу гарч ирлээ.  Нэр дэвшигчдийн ширээнд дээр тавьсан цэцэг цаасан байж. “Цааасан цэцгийг үхсэн хүнд л өгдөг. Бүх л бүтэн улсын телевиз байж, амьд цэцэг олж чаддаггүй” хэмээн тэрээр ундууцав. Дараа нь “Халз мэтгэлцээн ийм байддаггүй. Би ч яахав, жирийн нэр дэвшигч. Улсынхаа Ерөнхийлөгчийг ингэж бүх ард түмний опрос (оросоор хэлсэн)-т оруулж болдог юм уу” гэж шүүмжлэв. Түүний зөв байсан. Бид үнэхээр сонгуулийн халз мэтгэлцээн гэж юу байдгийг мэдэхгүй. Энэ тухай бидэнд хэн ч заагаагүй, бид өөрсдөө хэзээ ч хийж байгаагүй. Би өнөө хэр Түдэв гуайн өмнө буруутай гэж боддог. Уран бүтээлч хүн туйлын эмзэг, гярхай, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Бидний алдаа түүнд нөлөөлсөн байх. 2-р хэсэгт тэрээр  Очирбат ерөнхийлөгчийг шүүмжлэх, давшлах хандлагатай байлаа. Ерөнхийлөгчийн өмнө нэг удаа үг алдаж хэлсэн “соёл урлаг чихний чимэг” гэсэн утга санаатай үгийг өлгөн сүрхий дайрч байв. Түүнд саналаа өгнө гэж бодож байсан олон сонгогч энэ орой бодлоосоо ухарсан байх. Өмнөх судалгаа, тандалтаар Түдэв гуайн боломж илүү гарч байсан юм даг.
Харин Очирбат ерөнхийлөгч инээгээд л сууж байв. Тэр туйлын тайван амгалан байсан. Түүний сонгуулийн аянгийн гол илгээлт “Гарам дээр морио сольдоггүй” гэсэн үг байсан юм.
Сонгуулийн дүн гарахад П. Очирбат ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон байв.

1992 оны УИХ-ын сонгуулийн үеэр Э.Бат-Үүл ирж, талбай дээр болох цуглааныг шууд дамжуулах хүсэлт тавилаа.  Би мэргэжлийн хүний хувьд шууд нэвтрүүлэг эрсдэлтэй болохыг сануулж, хэрэггүй гэж зөвлөсөн боловч миний санаснаар болсонгүй. Гэвч би хүчээр хориглож болохгүй тул зөвшөөрөл олгосон. Найруулагч С.Бадрахад шууд нэвтрүүлэг дундаа тасарвал ямар авах арга хэмжээ авах, тийм үед ашиглах баримтат кино, заставкаа нөөцлөх гэх зэрэг зүйлийн тухай зөвлөгөө өгч, тухайн үед зарлагдсан нэвтрүүлгийг хойшлуулан дамжуулсан юм даг. Гэтэл цуглааныг шууд дамжуулах үед би миний болгоомжлол зөв байсанд илүү итгэж билээ.  Цуглааны цар хүрээ, нөхцөл байдал АН-ынхны төлөвлөж байсанд хүрээгүй байх. Тайлбай дүүрэн цугласан олон цуглааны индрийг усны хүчит давалгаа мэт мэт түрж байв. Чихэлдсэн, түлхэлцсэн олны зарим нь гамшиг болсон мэт хашгичиж байлаа. Үзэгчдэд “Энэ чинь, Сүхбаатарын талбай дээр юу болоод байна аа?” гэх жихүүцэл, хачирхал, айдас төрөхөөр байв. Тэр их хүн урсгал телевизийн холбоо, утас, гэрлийг тоохтой мантай. Нэвтрүүлэг байн байн тасарч байв. С.Зориг агсан индрээс тэдэнд хандан: “Бүгдээрээ сууя!. Доошоо сууя!” хэмээн уриалавч хашгираан, орилоон дунд үгийг нь сонсох хүн олдсонгүй.  Улс төрийн анхны өлсгөлөнгийн үеэр ийм командаар хүн бүр нэг хүн шиг сууж байсан гэлцдэг. Цаг үе, хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон байж. Удалгүй би нэвтрүүлгээ зогсоох даалгавар өгөхөөс аргагүйд хүрсэн юмдаг. Энэ үйл явдал сонгуулийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлсэн гэж боддог. Бидний нэрлэж заншснаар ардчилсан хүчнийхэн УИХ-д цөөнх болсон юм. 

            Энэ мэтээр дурсвал олон зүйл бий. Программын захиргааны даргаар ажиллаж байхдаа би нэвтрүүлгийн чанар, сүлжээний бүтэц, залуу уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, ялангуяа залуучуудыг дэмжиж мэргэшүүлэх чиглэлийг баримталж, харин хоёр зүйлд онцгойлон анхаарсан билээ.
Нэгдүгээрт, Монгол телевизийн программ солилцоог өргөжүүлэх, уран бүтээлээ олон улсын их наадамд явуулах, гадаадын зах зээл дээр өөрийн нэвтрүүлгийг борлуулах чиглэлээр гадаад харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэхийг хичээж байв. ABU буюу Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны хүүхдийн уран бүтээлийн уралдаанд зориулан монгол хүүхдүүд зуныхаа амралтыг үндэсний соёл, ёс заншлаас суралцах, судалдаг тухай цуврал баримтат кино бүтээж эхэлсэн юм. Энэ хүрээнд “Цам дагасан ухаан”, Таван настай Тавдай хүү”,  ….Долгорсүрэнгээс тодруулах, зэрэг баримтат киног Д.Чулуунбаатар, Долгорүсрэн, найруулагч О.Соёл, Д. Хишигт, Б.Баярсайхан нарт захиалан хийлгэсэн билээ.   
Тэр үед Оросын төв телевизээр гарч байсан “Баян хүнийг балаг тойрохгүй” зэрэг Латин Америкийн телевизийн олон ангит драмын бүтээл Оросын төдийгүй монголын үзэгчдийг байлдан дагуулж байж билээ. Би битүүхэндээ ийм драмын цуврал олж үзүүлэхсэн гэж мөрөөднө. Гэтэл 1993 онд Малайзийн Куала Лумпур хотод болсон ABU-гийн  DISCOP ASIA-93 телевизийн бүтээлийн үзлэг, яармагт  оролцох болов. Би нэгдүгээрт, Монгол телевизийн бүтээлээс ABU-гийн фондод хадгалуулах. хоёрдугаарт телевизийн олон ангит драм худладан авах зорилготой байв. Энэ тухайгаа   Монгол телевизийн  захирал Ш.Алтансүхэд хэлэхэд шууд дэмжсэн. Тэрээр 1992 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газрын томилолтоор Жаргал даргын оронд ирсэн юм.  Би 1981 онд түүнтэй анх ирээдүйн сансрын  нисэгчдийн төрсөн нутаг, Архангай, Булган аймгаар явахдаа танилцсан байв. Ш. Алтансүх  Зүүн Германы АДН агентлагийн сурвалжлагч Келлерийн орчуулагчаар ажиллаж байлаа. Хожим нь тэр Улсын гэрэл зургийн газраас манай Гадаад харилцааны хэлтэст шилжин ирсэн санагдаж байна.
Ш. Алтансүхтэй би эхэндээ гар нийлэн сайхан ажиллаж байсан. Бидний зөрчил хойно эхэлсэн юм. Энэ тухай түр орхиё.
Малайз явахаас бараг сарын өмнөөс олон орны олон телевизээс драм, баримтат кино, хүүхэлдэйн кино, уран сайхны кино худалдан авахыг санал болгосон захидал, факс цуварч эхлэв. Тэнд очиход “Хилтон” зочид буудлын жижүүр дээр намайг бас л баахан захидал хүлээж байв. Би захидлууд, яармагийн танилцуулгыг харж, хаана очихоо цаг минутаар төлөвлөөд ажлаа эхлэв. Хамгийн түрүүн “Баян хүнийг балаг тойрохгүй”, “Зарц бүсгүй Изаура”-г бүтээсэн Бразилийн Globo TV Network-ийн оффист очлоо.  Манайх шиг ядуу телевизийн халаасын хэмжээнээс хэтэрсэн үнэ санал болгож байна. Ер нь телевизийн драмын цувралын нэг ангийн үнэ 250-700 ам. доллар байв. Японы телевизүүдийн үнийг сонсоход бараг айдас хүрч байв. Tokyo Braodcasting System сувгийн боловсролын хүүхэлдэйн киноны 30 минутын үнэ 700 ам.доллар, “Энэ бүхэн яаж эхэлсэн бэ?”(How it All Started?) цувралын үнийг асуухад нийтдээ  80, 000 ам. доллар болж билээ. Нэвтрүүлгийг NTS системээр үйлдвэрлэсэн. Хэрэв манайх авбал PAL, SECAM руу буулгасан үнэ нэмэгдэнэ гэж байсан. Японы өөр нэг телевизийн суваг Монголын тухай хийсэн баримтат кино хийсэн нь мөн л санаанд багтамгүй үнэтэй байв.
Явж явж, Венесэулийн “Venevision TV” сувгийн өрөөнд ороход эрэмгий, омголон төрхтэй эрэгтэй, эмэгтэй хоёр юм идэж сууна. Тэд намайг ялдамхан угтаж, драмын цувралуудаа танилцуулж байснаа эрэгтэй нь бартж байсан хутгаараа нүүр рүү чичлэх нь үү гэмээр зангахад ухаан алдах шахаж билээ. Айдсаа дарж аваад хэд хэдэн цувралын сурталчилгааны ролик, танилцуулгыг үзэв. Тэгээд “Халтар царайт”-ыг сонгох боллоо. “Үнийг нь сонирхож болох уу?” гэвэл тэд “Чи манай цувралуудаас хамгийн сайныг нь сонгож байна“ гэлээ. “Юу л бол доо” хэмээн дотроо эргэлзэж суутал тэд ханандаа өлгөсөн газрын зураг  руу заав. Тэнд нээрээ Орос, Хятад, Монгол тэмдэглэгдээгүй ажээ. Бараг дэлхийг тойрсон “Халтар царайт”-ын  үнэ, төлбөрийн нөхцөл туйлын боломжийн санагдав. Тэд 60 минутаар хийсэн нэг ангиа 100 ам. доллараар  авахыг санал болгож, эхлээд 10 хувийг төлөх, дараа нь гурван сар дутамд төлбөрөө цувуулж хийж болно гэж байв. Ингээд 2160 ам.доллараар 6 удаагийн төлбөр хийгээд, нийтдээ 12, 960 ам. доллараар худалдах санал тавилаа. Гэвч би мөнгө шийдэх эрх мэдэлгүй. Харин Ш.Алтансүх дарга төлбөрийг нь шууд төлж авах шийдвэр гаргаж, “Халтар царайт” монголын үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.
            Тэнд байхдаа программ  худалдаагаар орлого олж болно гэдэгт би дахин нэг итгэсэн. Өмнө нь би Би-Би-Си-д туршлага судалж байхдаа бүтцэд нь программ худалдаа борлуулалт эрхэлдэг аж ахуйн нэгжтэй болохыг олж мэдсэн байв. Ингээд энэ чиглэлийн бизнесийг хөгжүүлэх санаатай, Программ солилцоо, худалдаанд зориулан “Хот айл”(Б.Дорж, Г.Батнягт), “Ийм зуд үзээгүй” (Ц.Мөнхтөр,Л.Умбаням), “Монгол бөхийн дуулал”(Ж.Баяр,) “Тэнгэр суудал” (Д.Содном), дуучин Чимэдцээеэгийн концерт (Л.Балхжав), “Монгол ардын бүжиг”  (Ц.Ургамал), “Бүргэд”(Ш.Ёолк,Ө.Нарангэрэл) зэрэг баримтат, “Галын бурхан” (Д.Долгорсүрэн, Н.Цэцгээ), “Түлхүүр”(Ч.Болд, Х.Энхтуяа), “Болор дусал” (Н.Уранчимэг, Б.Төвсанаа), “Зовлон жаргал” (Г.Энхтөр) зэрэг драмын баахан бүтээлийг англи хэлнээ орчуулж, гадаадын телевизүүд, уралдаан, солилцоонд явуулсан юм даг.
            Би Монгол телевизийн статусын тухай үргэлж боддог байв. Би-Би-Си-гийн үйл ажиллагаа гүн сэтгэгдэл төрүүлж, нөлөөлсөн байх л даа. Олон нийтийн телевиз бол улс орны хөгжилд асар их нөлөөлдөг, иргэдийг соён гэгээрүүлэх, ниймийн ухамсар, үзэл бодлыг  төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг, уран бүтээлийн том үйлдвэрлэл гэдгийг сайн ойлгосон байлаа. Нөгөөтэйгүүр, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн үзэл баримтлалыг сэтгэлдээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байв. Гэвч миний хоёр долоо хоногийн туршлага ийм өөрчлөлтөд хангалтгүй байв.

      З.Алтай, Д.Жаргал нарын үед төрөөс хараат бус радио, телевизийн тухай яригдаж, Засгийн газрын түвшинд үүнийг хүлээн зөвшөөрч байсан юм. Засгийн газрын бус радио, телевизийн үзэл баримтлал, анхны дүрмийн төслийг тэр үед боловсруулсан байсан.
1992 оны сонгуулиас хойш юм даг. УИХ-аар Засгийн газрын бүтцийн тухай хууль хэлэлцэхээр болж, Засгийн газрын хуралдаанаар радио, телевизийг Засгийн газрын бүтцээс гаргаж, бие даалгах санал оруулах асуудлыг хэлэлцэх гэж байлаа. Ингэвэл “төрийн санхүүжилт зогсож, радио, телевиз хамраараа газар хатгана, бид бүгдээрээ цалингүй, ажилгүй болно” гэсэн гүнзгий ойлголт нийт хамт олны дунд давамгайлж байсан цаг. Иймд телевизийн хамт олон үүнийг эсэргүүцэн, эфирээрээ  лобби хийж эхлэв. Олны танил  сэтгүүлч, хөтлөгчид ээлжлэн “Цагийн хүрд”-ээр орж, тийм шийдвэрийн “хор уршгийн” тухай санал бодлоо илэрхийлж байв. Яг манай асуудлыг хэлэлцэж байсан тэр орой хамт олон шууд нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн байлаа. Ажил тарахын алдад радио, телевизийг Засгийн газрын бүтцэд хэвээр нь үлдээх тухай шийдвэр гарах төлөвтэй тухай мэдээлэл ирэв.
Орой нь шууд нэвтрүүлэгт оролцохоор ирсэн хүмүүст түүнийг эфирээс хассан тухай мэдэгдэхэд Радиогийн сэтгүүлч Баавайгаас эхлээд зарим хүмүүс намайг “урвагч” хэмээн загнаж байж билээ.
Төрөөс санхүүждэг хэрнээ түүнд бус олон нийтэд   үйлчилдэг телевизийн тухай би дотроо мөрөөдөж, өөрчлөлт хийхийг хүсэж байв. Тухайн үеийн телевизийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн механизм хоцрогдож, мухардмал байдалд орсон байв. Энэ байдлыг би ганцаараа өөрчилж чадахгүй тул ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэж, Алтансүх даргад гурван ч удаа амаар саналаа хэллээ. Тэр зөвшөөрөхгүй л байв. Эрхэлсэн ажилдаа ийинхүү сэтгэл дундуур явах нь өөрт хэцүү байсан тул өөрөө өөрчлөлтийг санаачлахаар зориглон 1994 оны эхээр энэ тухай санаа бодлоо хэсэг нөхөдтэйгээ солилцоход тэд дэмжиж байлаа. Бидний есөн хүн нийлж, ажлын хэсэг байгуулан “Монгол телевизийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх хөтөлбөр” боловсруулж, түүний хүрээнд хараат бус телевизийн дүрэм, шинэ бүтэц, нэвтрүүлгийн шинэ бодлого, сүлжээ, шинэ төсвийн  төслийг иж бүрэн бэлэн болгох нэлээн цар хүрээтэй ажил эхлэв.  Ажлын хэсэгт надаас гадна редактор Ц.Пунсаа, Ц. Мөнхтөр, Г.Золжаргал, Н. Ганбат, Д. Сарангэрэл, С.Дашням, найруулагч С.Мягмар, эдийн засагч Г.Энхчимэг нар орсон байлаа. Эхний үед бид хийж буй ажлаа нууцлах нь зүйтэй гэж шийдэн манай гэрт очин хуралдаж билээ. Учир нь бидний ажилд саад тотгор болж мэдэх элдэв хэл ам, хардалт сэрдэлтээс эхнээсээ зайлсхийх хэрэгтэй байсан.
            Энэ хугацаанд бид тухайн үед Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байлын тухай хууль санаачлахаар ажиллаж байсан ерөнхийлөгч П.Очирбат, түүний хуулийн зөвлөх, УИХ-ын асан Отгонбаяр, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Чулуунбаатар, МАХН-ын дарга Даш-Ёндон, МСДН-аас Баабар зэрэг албаны хүмүүс, Ерөнхийлөгчтэй нь өөртэй нь уулзаж, өөрсдийн бодлоо танилцуулж, санал солилцож байв. Ерөнхийлөгч биднээс “Та нар энэ асуудлыг хуульгүйгээр дүрмээр шийдэж болно гэж бодож байна уу?” гэж асуусныг санаж байна.  Бид ч “тийм” гэсэн. Одоо бодоход их л гэнэн байж дээ. Улс төр, нийгэм, соёлын шинжтэй   ийм өөрчлөлтийг хуульгүйгээр хийж яагаад ч болохгүйг хожим амьдрал харуулсан.
            1994 оны 6 сард бидний ажил бэлэн болсон юм. Бид Их Британий Би-Би-Си, Японы Эн-Эч-Кей, Греманы ЦДФ, Австрийн ОРФ гэх мэт олон нийтийн корпорацийн туршлагыг судалж, өөрийн орны нөхцөол тохируулахыг эрмэлзсэн юм. Ингээд хөтөлбөрийн танилцуулга, Монголын үндэсний төв телевизийн дүрэм, (Монголын үндэсний төв телезийн корпораци гэсэн нэрийн хувилбар ч байсан) бусад баримт бичгээ 1994 оны 6-р сарын 10-нд хариуцлагатны өглөөний шуурхай, МРТХЭГ-ын дарга Б.Өвгөнхүү, дэд дарга Ш.Алтансүх нарт, гурав хоногийн дараа үүнийгээ нийтийн шуурхай дээр хамт олонд танилцуулав. Шуурхайд оролцсон уран бүтээлчид бидний санаачлагыг дэмжин, нийт хамт олны дунд санал асуулга явуулах ажлын хэсэг байгуулж, даргаар нь  Киноны редакцийн редактор Б.Нарантуяаг томилж билээ. Ажлын хэсгийн судалгаагаар хамт олны 97 гаруй хувь нь өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байлаа.
Гэтэл 6-р сарын 18-ны өглөө Алтансүх дарга намайг өрөөндөө дуудаж, “Өөрийнх нь албан тушаалыг булаан авах хуйвалдаан, үүнийг чиний найз 15 хүн зохион байгуулсан. Зөөлөн суудалд дуртай” гэх мэтээр буруутгаж, загнаад, ажлаа ТВМ агентлагийн захирал Ц.Сүхбаатарт хүлээлгэн өгөхийг үүрэг болгов. Би ч зөвшөөрөв. Харин 20-ны өглөө болсон нийтийн шуурхай дээр уран бүтээлчид надад эхэлсэн ажлаа дуусгаж, үр дүнгээ үзэх санал тавив. 23-нд МРТХЭГ-ын Даргын зөвлөл хуралдаж, намайг ажлаа үргэлжлүүлэн хийхийг даалгав. Үүний дараа Алтансүх дарга өрөөндөө дуудан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхийг шаардав. Харин би өмнөөс нь ийм өргөдөл бичих үндэслэлээ мэдэхийг хүссэн билээ. Маргааш нь би түүнтэй дахин уулзаж, нэлээн илэн далангүй ярилцан, нийтийн эрх ашгийн үүднээс ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрээр намайг сайн ойлгож байсан ч өөртөө итгэлтэй, санасандаа хүрэх эрмэлзэлтэй байсан санагддаг. Энэ нь надад үнэхээр хачирхалтай байж билээ.  Ажлаа өгөх гэхээр Өвгөнхүү дарга “Хийж бай” гэнэ,  Сүхээ “тушаал гараагүй учир би авахгүй” гэнэ. Алтансүх дарга надтай, тэр бүү хэл Өвгөнхүү даргатай дуугарахаа больж, Даргын зөвлөлийн хуралд ч оролцохоо болив. Сүүл рүүгээ миний гаргасан шийдвэр бүр зөв ч байсан, буруу ч байсан өөрчлөгдөх маягтай, ажил ч урагшлахаа болилоо. Холбоочдын өдөрт зориулсан бөхийг шууд дамжуулах миний шийдвэрийг дарга өөрчлөхөд тухайн үед тусдаа байсан Техникийн төвийнхөн уран бүтээлчдийг оролцуулахгүйгээр дамжуулахдаа хүрсэн тохиолдол ч гарав. Ийм маягаар бид наадмаар бөх, морио ч дамжуулж чадахгүйд хүрч болзошгүй байв. Иймд би 1994 оны 6-р сарын 26-ны өдөр МРТХЭГ-ийн Тамгын газарт хандан үүрэгт ажлаас чөлөөлж өгөх өргөдөл гаргалаа.  Үүндээ Хувийн мэдэгдэл гээчийг хавсаргав. Таван хуудас энэ мэдэгдэлдээ би үүссэн байдлыг тодорхойлж, “Монгол телевизийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх хөтөлбөр”-ийн зорилго тодорхой бөгөөд үүнээс ангид хуйвалдаан буюу тэмцлийн шинж чанар огт үгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гээд “ Алтансүх даргын ярианд дурдагдсан 15 хүнийг ажлаас өөрчлөх, халах, хавчих аливаа тохиолдол гарвал “Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” тухай Монгол Улсын Үндсэн Хууль зөрчигдсөн хэмээн ойлгох болно” гэсэн юм. Ингээд өргөдөл, мэдэгдлээ нийтийн шуурхай дээр Алтансүх даргад гардуулж, ажлаа хүлээлгэн өгөв.
Бүх зүйл ард үлдсэн боловч сэтгэл нэг л сэвтэй үлдэв. “Анх танилцсан цагаас тэр хүн надад сайн ханддаг, итгэдэг байсан. “Яагаад намайг хуйвалдаан зохион байгуулсан гэж бодсон бэ?, Ямар учраас ингэж үндэслэлгүй хардах болов?,  Яагаад миний чин сэтгэл, хичээл зүтгэлийг ойлгоогүй вэ?” гэх мэт олон асуулт намайг шаналгаж байв. Би түүнд өчүүхэн ч гомдоогүй. Бидний хэн нь ч бие биедээ дайсан болж үлдээгүй гэж боддог. Учир нь, энэ бол үзэл бодол, ажил хэргийн зөрчилдөөн байсан.        
Үнэн хэрэгтээ өөрчлөлт хэрэгтэй гэдгийг РТХЭГ-ын удирдлага ч, уран бүтээлчид ч, УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, олон нийт бүгд ойлгон ухамсарлаж байсан. Ц.Сүхбаатар Алтансүх даргын даалгавраар “РТХЭГ-ын харъяалал, дотоод бүтэц, зохион байгуулалтын талаар. Үйл ажиллагааны үндсэн зарчим” боловсруулсан байв. Нэг нь ажлаа өгөх, нөгөө нь авах шаналгаатай, үндсэндээ хийх ажилгүй хоёр хүн  шинэ төвийн 3-р давхарт байрлах Программын захиргааны өрөөнд хэдэн цагаар сууж, дэмий ярьдагсан. Би түүнд хэллээ. “Чиний зарчмыг бидний хөтөлбөртэй харьцуулахад харъяалал, бүтцийн талаар зарчмын зарим ялгаа байгаа боловч үйл ажиллагаа, санхүүжилтийн зарчимд чинь бидний хөтөлбөрийн гол санаа шингэсэн байна. Чи тэгэхээр “жинхэнэ өөрийн” хувилбарыг дэвшүүлэх хэрэгтэй”. Сүхээ “Тэгэлгүй яахав “гэж байна.
Б.Өвгөнхүү дарга тухайн үед УИХ-ын мэдлийн радио, телевизийн тухай санал дэвшүүлж байсан. Би Парламентийн радио, телевиз гэдэг өөр гэж зөрнө.
Биднийг ингэж будилж байх зуур Очирбат ерөнхийлөгч ярьж байсан хуулийнхаа төслийг боловсруулж, санал авахаар манайд хүргүүлсэн байв. Үүнээс хойш арван нэгэн жилийн дараа, Ер нь 2005 онд УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн хуулийг батлан гаргатал улсын мэдлийн радио, телевизийг либералчлах, хараат бус болгох, олон нийтийн болгох чиглэлээр олон дүрэм, хуулийн төслийг олон хүн боловсруулсан юм. Тэр бүхнийг судалж үзвэл одоо сонин байх даа.
Харин тухайн үед Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд санал өгөх болоход надад Нарантуяагаас өөр туслах, намайг дэмжих хүн олдоогүй юм даг.  Байдал тун хурдан өөрчлөгдөж байсан тул хүмүүс ч түргэн өөрчлөгдөж байсан. Энэ нь угаасаа хүний мөн чанар юм уу даа.
Энэ бүхнийг эргэн дурссанаар өнөөдөр байгуулагдсаныхаа 40 жилийн ойг тэмдэглэж буй телевиз маань олон нийтийн болон өөрчлөгдөх түүхийнхээ явцад олон хүний хувь нэмэр, дуртгал, дурсамжийг тээсэн гэдгийг л хэлэх гэсэн юм.
Ингээд би 1994 онд бэлтгэх сүлжээт нэвтрүүлгийн төлөвлөгөө, бусад баримт бичгээ Сүхээд хүлээлгэн өгөв. 1994 онд Монгол телевиз сард нийтдээ 63 нэрийн 132 цагийн нэвтрүүлэг явуулахаас 55.9 хувь буюу 79 цаг 30 минутын нэвтрүүлгийг шинээр бэлтгэж, 44. 1 хувь буюу 52 цаг 30 минутад кино байхаар төлөвлөж байжээ.  Нэвтрүүлгийн цагаар авч үзвэл, нийт хөтөлбөрт мэдээ, мэдээлэл, нийтлэл 40.7 хувь, хүүхэд,залуучууд,спорт 13.4 хувь, сургалт танин мэдэхүйн 26.4 хувь, уран сайхны 13.1 хувь, бусад төрлийн нэвтрүүлэг 6.5 хувь эзэлж байв.
Миний ажллаж байх хугацаанд сэтгүүлч Д.Эрдэнэцэцэг, Л.Золбаяр, Ц.Нямжаргал, Ц.Оюундарь, Н.Тамир, Х.Байгалмаа, найруулагч Ц.Ургамал, ассистент найруулагч, Р.Тулга, С.Ононбат, Чимгээ зэрэг залуучуудын зарим нь  уран бүтээлийнхээ гарааг эхэлж, зарим нь шинэ нэвтрүүлэг санаачлан бүтээх туурвих хүсэл эрмэлзлээр дүүрэн байсан. Тэд хүүхдэд зориулсан “Харц”, “Нэмэх хасах”, спортын “Цэнхэр гараг”, нийгэм, улс төрийн “Хагархай толь”, мэдээллийн “Гурвалжин” зэрэг нэвтрүүлгээрээ телевизийн урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр  оруулсан юм.  Өдгөө найруулагч болсон Б.Эрдэнэсүрэн, Д.Ханьсаг, Дуламсүрэн нарын шижигнэсэн залуус фондчин, туслах найруулагчаар ажлынхаа гарааг эхэлж байсан юм даг. 
Миний үед Б.Цэеханд, Ж.Бямбаа, Д.Нарантуяа, Д.Цоодол, С.Гантөмөр, Б.Гантигмаа, Ш.Бямбацогт нар нэвтрүүлэгчээр ажиллаж, их ажил ихийг нугалдаг байсан. С.Гантөмөр, Б.Гантигмаа, Ш.Бямбацогт нар ажлынхаа гарааг эхэлж байв. Мөн төлөвлөгч редактор Ц.Барсүрэн, Н.Оюунтүлхүүр, боловсон хүчин З.Аварзэд, эдийн засагч Г. Энхчимэг, ахлах ня-бо Ж.Бат-Өлзий, ня-бо Ч.Тамир, Д.Эрдэнэчимэг, нярав Ш.Долгор, нарийн бичгийн дарга, бичиг хэрэг Ж. Бахытгул, С.Төмөрхүү, Уранчимэг, бичээч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэчимэг, Ж:Пүрэвсүрэн, Р.Тунгалаг, Т.Дорждэрэм,  Ашиглалт зохицуулалтын албаны Н.Лхагвасүрэн, М.Байгалмаа, жолооч Х.Алтангэрэл, Д.Шийтэр, В.Ганбат, Л.Ганбат, Д. Бямбацогт, Л,Шура, Р.Дүүрэнжаргал, Л.Очирхуяг, Б.Чулуун-Эрдэнэ, Х.Баярмөнх, Д.Лувсанчүлтэм, Д.Лувсанбалдан, Д.Гансүх, Ц.Ганхсүх зэрэг олон хүн сэтгэл харамгүй дэмжиж тусалж байсанд би гүнээ талархаж явдаг.

Монголын анхны телевиз байгуулагдсаны 40 жилийн ойн номд зориулав.
 Х.Наранжаргал
2007.08.12