Монголд телевизийн драмын бүтээл үүсч хөгжсөн нь

1969 онд Халхын голын ялалтын 30 жилийн ойд зориулан төрийн шагналт зохиолч С.Удвалын “Монголын нэгэн Катюша“ өгүүллэгээр Монгол телевизийн анхны ерөнхий найруулагч П.Туваанжав “Сүүн цагаан сэтгэл“ богино хэмжээний жүжиг тавьсан нь телетеатрын анхны бие даасан уран бүтээл байлаа.

Тэр үед телевиз маань өөрөө хоёрхон настай байжээ. Гэсэн хэдий ч монгол хүн телевизор буюу зурагт хэмээх 20–р зууны гайхамшигтай танилцаж, монгол айлд цэнхэр дэлгэц аль хэдийн хүндтэй байр суурь эзлэх болсон байв. Тэрхүү жижигхэн дэлгэцээр үзүүлсэн бүхнийг сониучирхан хүлээн авдаг байсан үзэгчдийн сонирхол, хэрэгцээ шохоорхлоос хальж, боловсрол мэдлэгээ өргөжүүлэн тэлэх гэсэн, шинэ сониныг ухааран таних гэсэн, гоо сайхны таашаал хүртэх гэсэн эрмэлзэл нь өдөр ирэх тусам өөр болж, шаардлага нь цаг ямагт өндөрсөж байсан юм. Үзэгчдийнхээ оюуны ийм хэрэгцээг хангахын тулд телевизийн уран бүтээлчид уран сайхны төрөл бүрийн нэвтрүүлэг шинээр бэлтгэж, байнга эрэл хайгуул хийж байсан юм.

Хэдийгээр нэвтрүүлэг шууд явдаг, техникийн боломж хязгаарлагдмал   байсан хэдий ч уран бүтээлчид телетеатрын бүтээлийн анхны оролдлого хийж байжээ. Монголын Зурагт Радиогийн анхны найруулагчдын нэг агсан С. Бадрах хүүхдэд зориулсан “Борхүүгийн зүүд“ хэмээх зохиомжит нэвтрүүлэг бэлтгэн 1967 оны 12-р сарын 28-нд эфирт гаргаж, утга зохиолын театрын үндсийг тавьсан байна.  Мөн онд найруулагч Л. Шийтэр Төв аймгийн драмын театрын “Жаргалыг хүссэн Мөнхөө“ жүжгийн 3–р үзэгдлийг студиэс шууд дамжуулан үзүүлжээ.

Телевизийн эхэн үеийн “Цэнхэр дэлгэц“, хүүхдийн “Болжмор“ зэрэг нэвтрүүлэг, уран уншлагын болон “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб“, “Арван наймын клуб“ зэрэг анхны цэнгээнт, хөгжөөнт нэвтрүүлгүүдэд жүжиглэх, дүр бүтээх зэрэг драмын урлагийн елементүүд илэрч байжээ.

Байгуулагдаад удаагүй байсан телевиз материаллаг бааз, техникийн хувьд төдийлөн бэхжээгүй, уран бүтээлчид нь ЗХУ–д телевизийн мэргэжлийн дадлага хийсэн, гол төлөв кино, театрын болон сонин хэвлэлийн ажлын туршлагатай хүмүүс байлаа. Гэсэн ч тэр анхны алтан хараацайнууд эх орондоо телевиз хэмээх өвөрмөц содон урлагийн тулгын чулууг тавьж, хөл дээр нь босгосон гавъяатнууд юм. Тэгээд ч тэд техник, уран бүтээлийн нөхцөл бүрдэхийг хүлээн суусангүй, бэрхшээл саадаас шантралгүй хичээн зүтгэсний дүнд телетеатр хэмээх дэлгэцийн урлагийн нэгэн том айлын өрхийг зориглон татаж, гал голомты нь бадраасан билээ.

Телетеатрын тулгын чулууг тавигсдын дотор ахмад найруулагч П.Туваанжав, Л.Шийтэр, Б.Зориг, Ж.Ням– Очир, зохиолч Дожоодорж, төрийн шагналт зохиолч Ш.Сүрэнжав, Д.Гармаа, Б.Нямаа, Ц.Нацагдорж зэрэг уран бүтээлч, монголын театрын нэрт болон залуу жүжигчид байв.

Телетеатр богино хугацаанд олон төрөл зүйлээр анхны гараагаа эхэлсэн гэж болно.  1970 онд редактор, С.Цоодол, найруулагч Г.Төмөрдорж, хөгжмийн найруулагч Р.Авирмэд нар ардын дууны домгоос сэдэвлэн найруулсан “Сүнжидмаа“ бүтээл туурвисан нь Хөгжмийн театрын эхлэл байв.

1972 онд найруулагч Л.Шийтэр төрийн шагналт зохиолч Д.Гармаагийн зохиолоор “Анхны яргуй“ хэмээх телевизийн анхны бүрэн хэмжээний жүжиг тавьсныг найруулагч Д.Хишигт, зураглаач М.Биндэръяа, Ц.Туяа, М.Мөрөнгуа нар кино хальснаа мөнхжүүлсэн байдаг.

1971 онд зохиолч Ц.Нацагдоржийн “Ялах тавилан“ зохиолооор найруулагч П.Туваанжав хоёр ангит жүжиг тавьсан нь телевизийн анхны олон ангит жүжиг байв. Телетеатрын эхний 20 жилийн урын санд хамгийн олон ангитай бүтээлээр Ц.Нацагдорж, Д.Гармаа нарын зохиолоор найруулагч П.Туваанжав, Л.Шийтэр нарын найруулан тавьсан “Тулалдаан“ дөрвөн ангит жүжиг бүртгэгдсэн байна.

Театрын жүжиг телетеатрын салшгүй нэг бүрэлдхүүн хэсэг болж, ДУАТ–ын “Тангараг“, “Сар хиртсэн шөнө“,  “Шинэ байшинд“, “Хярааны хонхорт“,“Хөөрхий дөө, Марат минь“, “Нэг ширээний хоёр“, “Хэнийг явуулах вэ?“ зэрэг хот, хөдөөгийн театрт тоглогдож байсан гадаад, дотоодын олон шилдэг жүжгийг  дэлгэцээр дамжуулан үзэгчдэд толилуулсан байна.

Телетеатрын эхний үеийн урын санд богино хэмжээний хошин шог жүжиг, бэсрэг үзэгдлүүд  тодорхой байр эзэлж байв. Хожим нь 1976 онд “Далан худалчийн клуб“ богино хэмжээний хошин шог тоглолтуудыг бэлтгэж эхэлсэн нь Хошин шогийн театр телетеатрын бие даасан төрөл болон хөгжих эхлэлийг тавьсан байна. Дээрх тоглолтуудад  Улсын гавъяат жүжигчин З. пүрвээгийн бүтээсэн  Сэмбээгийн дүр өнөө хэр үзэгчдэд танил хэвээр байгаа билээ.

Хөгжмийн театрын урын сан “Гандан уулын цэцэг“, “Жаахан шарга“ зэрэг ардын дуунаас сэдэвлэн телевизийн болгосон бүтээлүүдээр баяжиж, мөн л өөрийн бүтээл, театрт тавигдсан дуурь, балетыг телевизийн болгон найруулан тавих, тайзнаас дамжуулан үзүүлэх чиглэлээр хөгжин телетеатрын нэг салшгүй бүрэлдхүүн хэсэг болжээ.

 Телевиз үзэгчдэд зориулан 1976 онд найруулагч Д.Долгор “Амарсанаа“, 1978 онд найруулагч Д.Хишигт “Учиртай гурван толгой“ монголын сонгодог дуурийг кино хальснаа мөнхжүүлсэн байна.

Мөн Дуурь бүжгийн академик театрын тайзнаа тавигдсан “Риголетто“,

“Травиатта“ дуурь,  “Бахчисарайн оргилолт булаг“ балетыг бүрэн эхээр нь үзэгчдэд толилуулсан байна. 1980– аад оны сүүлчээс найруулагч Л.Балхжав, Ж.Баяр нар

“Ханийн заяа буюу сонины тасархай “, “Хувь тавилан буюу Дүйнхор да лам“ зэрэг хөгжмийн театрын  өвөрмөц өнгө төрхийг илтгэсэн шинэлэг хэлбэрийн бүтээл олноор туурвисан байдаг. Хөгжмийн театрын ийм хэлбэрийн томоохон бүтээлийн тоонд найруулагч Ж.Баярын “Танилцсан танилууд“  (Монгол телевиз), “Тарвагатайн хөндийн шинэ жил“ (Улаанбатар телевиз), “Модон нохой жил гарах нь ээ, хөөрхий“ (Улаанбаатар  телевиз) бүтээл зүй ёсоор багтана.

Ялангуяа шинэ залуу найруулагчдын бэлтгэн явуулж байсан “Хөгжмийн шуудан“ нэвтрүүлэг нь хөгжмийн театрын төрөл зүйл, урын санг баяжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Үзэгчдийн дунд нэлээд түгсэн “Зургаа дөчин тав“, “Андуурсан сугалаа“ зэрэг дууг дээрх нэвтрүүлэгт зориулан бичсэн билээ. “Хөгжмийн шуудан“ нэвтрүүлэг нь зөвхөн телетеатрын хөгжилд төдийгүй ер нь теленайруулгад шинэ өнгө, содон төрх авчирсан юм.  Тухайлбал “Байна уу, байна уу? “,“27950“ хэмээн нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дуулдаг байсан нь чамирхсан хэрэг бус харин үзэгчдийг дэлгэцэд татах, өөрөөр хэлбэл одоогийн бидний ярьж буй телевизийн маркетингийн суурийг тавих оролдого байсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй.

Телевизийн хүүхдийн театр анх тоглолттой үлгэр, театрын жүжиг, богино үзүүлбэр хэлбэрээр үүссэн байна. Мөн “Хоньчин Найдан“,“Хүжийн гал“ зэрэг монголын шилдэг уран зохиолоор уран уншлага, зохиомж бэлтгэж байв. Тухайн үед Монгол телевизийн удирдлагаас явуулж байсан ухаалаг бодлогын үр дүнд Хүүхдийн театр бие даасан төрөл болон хөгжиж, хүүхэд багачууд гэртээ суугаад “Бүжингийн театр“ –т тогтмол зочлох болжээ. “Бүжингийн театр“ нь дотроо телевиз үзэгч хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан өөрийн төрөл зүйл, төрөл хэлбэрээр хөгжиж байжээ. Ялангуяа бага насны хүүхдүүдэд зориулан дуу, бүжиг, хөгжим, дуулалт зэрэг тоглолттой, хүүхэлдэйн, хөдөлгөөнт зургийн хэлбэрийн бүтээлүүд

“Бүжингийн театр“ –ын уран санд зонхилох байр суурь эзэлж байлаа. Үүнд найруулагч М. Чойжамцын “Манжин“, “Арван хоёр жил“, “Сүх“, “Хунгийн домог“, “Далавч “ зэрэг бүтээлийг дурьдах нь зүйтэй.  Хүүхдийн хошин шогийн “Алиа Тогмид“  цуврал  бүтээл бяцхан үзэгчдийн дуртай нэвтрүүлэг байв.

1970 – аад оны дундаас эхлэн хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний жүжгүүд телетеатрт томоохон байр суурь эзлэх болжээ. Чухам энэ үед найруулагч

М.Чойжамцын “Арслан дүртэй туулай “, “Бардам туулай“, найруулагч Ж.Болдын “Тэрх нуурын дэгдээхэй“, “Гурван найз гурван дайсан “,  Ч.Янжмаагийн “Ишиг гэдэг хөөрхөн нэр“ зэрэг бүтээлийг бяцхан үзэгчдэд толиуулсан байна.

Үүний зэрэгцээ хэдийгээр хөрөнгө мөнгөний бэрхшээл нэлээд байсан ч телевизийн хүүхэлдэйн кино бүтээхэд багагүй анхаарч байжээ.  1973 онд хүүхдийн зохиолч Г. Ловор, найруулагч агсан Ж. Гомбосүрэн нар хамтран “ Би хамгийн хүчтэй нь“ хэмээх анхны хүүхэлдэйн кино бүтээснээс хойш Телекино үйлдвэрийн уран бүтээлчид “Хоёр зараа“, “Эвтэй дөрвөн амьтан“, “Дуулгаваргүй шоргоолж“, “Эрх цагаан“, “Жигүүр“, “Өвгөн арслан хоёр“, “Шаазан заан“, “Тус“, “Өнчин цагаан ботго“, “Дэггүй жаал“ зэрэг хүүхэлдэйн кинофильмыг бяцхан үзэгчдэд зориулжээ. Мөн “Энхээ“ зэрэг уран сайхны кино (кинофильм) ч бүтээжээ.

Монгол телевизийн уран бүтээлчид телевизийн драмын бүтээлийг олон хэлбэр, төрөл зүйл, арга техникээр туурвиж байсан юм. Тухайлбал, “Анхны яргуй“, “Тэнгисийн түрлэг“, “Өс хонзон“, “Хий халуунтай хүн“ зэрэг театрын жүжгийг нэг камераар зургий нь авч бэлтгэсэн.

Найруулагч Ц.Рагчаа 1971 онд зохиолч Ж.Жамьяангийн өгүүллэгээр редактор  Д.пашкатай хамтран телевизийн анхны богино хэмжээний уран сайхны “Хонгио“ кинофильм бүтээж, найруулагч Д.Содном 1984 онд төрийн шагналт зохиолч Ч.Чимидийн “Арын албаныхан“ жүжгийн зохиолоор “Хувьсгалын төлөө“ хэмээх анхны бүрэн хэмжээний кинофильм туурвисан байна. Үүнээс хойш “Эзнийг нь оллоо“, “Өвлийн ойд“ зэрэг богино хэмжээний (найруулагч Д.Содном), “Намрын халуун өдрүүд“ (найруулагч Д.Долгор) , “Мэргэн бөөдий“ (найруулагч Д.Даваасүрэн) зэрэг уран сайхны кинофильм туурвижээ. Энд бас нэг зүйлийг онцлон хэлэхэд найруулагч агсан Д.Долгор “Дулмаад тохиолдсон явдал“ бүтээлээ 16 мм–ийн кино хальсаар дахин бичилт хийлгүйгээр шууд дүрс бичлэгт буулган студиэс дуу оруулсан  нь кино– жүжиг хэмээн тэмдэглэгдсэн байна. Гэвч энэ бүтээл нь найруулгын хэлбэрийн хувьд жүжиг гэхээсээ илүү кинофильм болсон байдаг.

Монгол телевиз кино хальсыг халж, дүрс бичлэгийн ганц камера өргөн ашиглах болсон нь телетеатрын уран бүтээлүүдэд нэлээн нөлөөлжээ. Харин ганц камераар натурт зургий нь авсан зарим бүтээлийн зарим нь, тухайлбал, 1980–аад оны дундуур хийсэн “Нэр төр“ (найруулагч И.Нямгаваа), “Чи минь“ (найруулагч  И. Нямгаваа, Б. Жаргал), “Хар дарсан зүүд“ (найруулагч Б.Жаргал), “Итгэл“, (найруулагч Ц.Жандал), “Сиймхийгээр“ (найруулагч Б. Жаргал), “Сүүлчийн улирал“ (найруулагч Ц.Жандал), “Шагай“ (найруулагч Б.Баатар) зэрэг бүтээл уран сайхны шийдэл, зураг авалт, жүжигчдийн тоглолт зэргээрээ цэвэр жүжиг гэхээсээ илүү уран сайхны видеофильмд дөхөж очсон байдаг. Гэсэн ч яриан жүжгийн драматург нь тухайн бүтээлийн утга зохиолны үндэс болсон, мөн дүрслэлийн хэллэгийн хувьд ч төдийлөн төгс уран сайхны кино гэж хэлэхэд учир дутагдалтай байгаа юм.  Иймд эдгээр бүтээл нь теледрамын ангилалд илүү тохирохуйц юм.

Зохиолч Дожоодоржийн зохиолоор найруулагч Б. Бадрууганы найруулан тавьсан “Нарны өнгө“ бүтээл нь уран сайхны шийдвэрлэлт, найруулагчийн тавилт, зураг авалт, эвлүүлгийн хувьд телевизийн анхны уран сайхны видеофильм болсон билээ.

Телетеатрын томоохон бүтээлүүдтэй зэрэгцэн телезохиомж хэмээн нэгэн төрөл орж ирсэн нь угтаа жинхэнэ телевизийн өвөрмөц арга барилын эрэлхийлэл байлаа. Телезохиомжийн уран сайхны хэлбэр нь жинхэнэ телевизэд заяагдсан гэж болохоор уран сэтгэлгээний хязгааргүй арга барилын эрэл хайгуул байлаа. Уран бүтээлчид телезохиомжийг студи, натур холин, эсвэл дангаар нь тоглолттой буюу бэсрэг жүжиг маягаар, цэвэр уран уншлага (яруу найргийн бөгөөд үргэлжилсэн үгийн), зураг, гэрэл зураг, кино болон дүрс бичлэгийн  баримтат материал зэрэг дүрс ашиглаж утгажуулсан өвөрмөц уран уншлага хэлбэрээр бэлтгэж байлаа. Бас нэг онцлог нь телезохиомжийг “төрүүлсэн“ анхны найруулагчид тавилтын хувьд цэвэр телевизийнхээ мөн чанарт хандсан байдаг. Телевизийн дэлгэцэнд сурвалжлагчийн нэг адил үзэгчидтэй шууд харилцаж, үйл явдлын гэрчийн хувьд үзсэн харсан, сонссон дуулснаа дүгнэлт цэгнэлттэй өгүүлэх өгүүлэгч хэмээх уран сайхны дүр бий болсон байна.

Телезохиомжийг дотор нь уран уншлага, тоглолттой, холимог гэсэн төрөл зүйлд хувааж болох бөгөөд богино хэмжээний ийм бүтээлүүд телетеатрын хөгжлийн үе шат бүхэнд дотроо өөрийн зүй тогтлоор, өөрийн төрөл зүйлээр салбарлан баяжиж ирсэн байна. Телеатрын хөгжлийн эхний 30 жилийн телезохиомжийн бүтээлүүдийг харахад бараг тусгай төрөл зүйл хэмээн ангилж болохоор харагдаж байна. Гэтэл уран уншлагаас бусад   хэлбэрийн бүтээл нь угтаа богино хэмжээний теледрам болох нь ойлгомжтой. Туршлагаас харахад бүрэн хэмжээний бүтээл болоогүй ч жүжиг болсон, өгүүлэгч, тоглолт оруулсан, уран уншлага, дуу хөгжмийн үзүүлбэр хольсон зэрэг уран сайхны хэлбэр агуулсан аливаа бүтээлийг телезохиомж хэмээн нэрлэж байжээ. Иймд онолын хувьд зөв ойлгож, драмын богино хэмжээний бүтээлүүдэд тавигдах уран бүтээлийн чанарын шаардлагыг өндөржүүлж, хөгжүүлбэл бидний дунд хэвшсэн ташаа ойлголтыг  залруулах боломжтой нь мэдээж билээ.

Уран бүтээлчид яруу найргийн болон үргэлжилсэн үгийн уран уншлагын хэлбэрийг нэлээд өргөн ашиглаж байв. 1973 онд найруулагч Д.Содном төрийн соёрхолт яруу найрагч Ц.Гайтавын “Дамдины Сүхбаатар“ найраглалыг кино хальс ашиглан телевизийн бүтээл (кино–найраглал) болгосон  байдаг. Тэрээр мөн “Монголын нууц товчоо“ уран уншлагын томоохон бүтээлээ 1990 онд долоон цувралаар бэлтгэсэн байна.

Телетеатр үүсч хөгжсөн эхний жилүүдэд телевизийн онцлогт тохируулан, телевизэд зориулан бичдэг зохиолчид бэлтгэгдээгүйгээс гадна зохиол нэн ховор байсан учир гадаадын, ялангуяа нэг бүлэгт орос жүжгийн зохиолыг олноор орчуулан найруулан тавьдаг байжээ.

Телетеатр хөгжих явцдаа телевизэд зориулан бичдэг өөрийн зохиолчтой, телевизийн өвөрмөц арга барил эзэмшсэн өөрийн найруулагчтай, телевизийн онцлогийг мэдэрдэг өөрийн жүжигчинтэй болсон юм. Зохиолч агсан Ш. Ёнхор

“Залуус“, “Эдлэх ёсгүй эрх“, “Манайхан“, “Олз“, “Амьдрах гэдэг учиртай“ зэрэг жүжгийнхээ зохиолоор, найруулагч Б. Жаргал “Амьдралын анхны хонх“,“Хаврын цэнхэр өдрүүд“, “Шинэ байшинд“, “ Ээдрээ“, “Таня“,“Хар дарсан зүүд “, найруулагч М. Чойжамц “Арслан зүрхтэй туулай“, “Бардам туулай“, “Аргат бяцхан баатар“, найруулагч агсан Д. Долгор “Эдлэх ёсгүй эрх“, “Дулмаад тохиолдсон явдал“, “Намрын халуун өдрүүд“, найруулагч Д. Содном “Хувьсгалын төлөө“, “Төлөөлөгч“, “Дамдины Сүхбаатар“ найраглал, “Эзнийг нь оллоо“, “Өвлийн ойд“, “Эрлэгийн дэнсэнд“, найруулагч Ц. Жандал “Итгэл“,“Сэтгэлийн нүд“, “Хүлээлт“, “Сүүлчийн улирал“ зэрэг бүтээлээрээ телетеатрын эхний 20 жилийн түүхэнд онцгой   байр суурь эзэлдэг.

Монгол телевизийнхэн Телевизийн театрын хорин жилийн түүхэнд 470 гаруй уран бүтээлийг үзэгчдэд толилуулсан байв. Харин 1989- 1999 онд 270 гаруй бүтээл хийсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад тооны хувьд цөөн ч “Алтан түлхүүр“ (найруулагч Ё.Цог), “Цасан шамарга“ (найруулагч Б.Ганболд), “Угсраа мэх“ (найруулагч П. Туваанжав) , “Хүннү“ (найруулагч Б.Баатар) дуурь, “Гучин хоёр  модон хүний үлгэр“  зэрэг чанар чансааны хувьд жинтэй, чамбай бүтээл гарсан байна.

1989 онд Монгол телевизийн захиргаа Соёл урлагийн хариуцлагатай редактор Х.Наранжаргалын Телетеатрын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх саналыг хүлээн авч, 8-р сард шинэ төвийн II давхарт тэмдэглэсэн юм. Ойн ажлын хүрээнд тухайн жилүүдэд бүтээсэн телевизийн драмын бүтээлийг анх удаа бүртгэн цэгцэлж,  “Телетеатр” хэмээх бяцхан товхимол бэлтгэн, МОНЦАМЭ-д радаатарлуулан олшруулж,   урлаг судлаач Дэ. Мягмарсүрэн “Цэнхэр дэлгэцийн театр”, Х. Наранжаргал “Өвөрмөц нэгэн театрын эрэл хагйууль үргэлжилсээр байна” зэрэг шиүүмж судлалын материал бичиж, “Утга зохиол урлаг” сонин, “Соёл урлаг” сэтгүүлд хэвлүүлж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан билээ.

Монгол телевизийн  тухайн үеийн удирдлага телетеатрыг хөгжүүлэх, урын санг нь баяжуулахад онцгой анхаарал тавьж байсныг энд тэмдэглүүштэй. 1989 онд анх удаа 3 хүний бүрэлдэхүүнтэй тележүжгийн групп байгуулагдсан нь телеатрын бодлогыг нэг газарт төвлөрүүлэх, цаашид системтэй хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ групп нь 1990 онд уран бүтээлч, туслах ажилтан 20-иод хүний бүрэлдэхүүнтэй жүжиг, киноны “Мэлмий“ студи болон тэлж, телевизийн анхны жүжигчдийг өөрийн хүчээр бэлтгэж эхэлсэн юм. “Мэлмий“ студийн анхны захирлаар нь сэтгүүлч Ч.Болд, жүжигчдийн сургагч багшаар найруулагч Х.Энхжаргал ажиллаж байв.  Чухам энэ үеэс шинэ залуу найруулагчид томоохон уран бүтээлд хүчээ сорьж, содон өнгө төрх, өвөрмөц арга барил бүхий бүтээл туурвиж эхэлсэн юм. Үүнд найруулагч Х.Энхжаргалын “Анхны гурав“, “Гүүр“, “Алтан үрэл“, найруулагч Л.Нямсүрэнгийн “Миний Хулан“, “Билэгтэй л юм“, найруулагч С.Төвсанаагийн “Болор дусал“, “Яргуй“, найруулагч Х.Энхтуяагийн “Түлхүүр“, “Амин булаг“, найруулагч Ё.Цогийн, “Эцсийн тушаал“ бүтээлийг дурдаж болох юм.  Мөн найруулагч Б.Жаргал “Шарай голын гурван хаан“  бүтээлээ энэ үед хийсэн юм.

Улс оронд өрнөсөн нийгэм, эдийн засгийн шинэчлэл телевизийг ч тойрсонгүй. Телевизийн төсвийн хомсдол, санхүүгийн бэрхшээл, зах зээлд телетеатрыг авч явах менежмент, маркетингийн мэдлэг дутмаг байсан тул “Мэлмий“ студийг жилийн дараа татан буулгахад хүрсэн байна. 1999 онд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Монголын Нээлттэй Нийгмийн Хүрэээлэнгийн санхүүжилтээр Монголын үндэсний телевиз, UBS  сувагтай хамтран “Телетеатр-30” төсөл хэрэгжүүлж эхлэсэн юм. Төслийн зургаан сарын хугацаанд Х.Наранжаргал, Ч.Мөнхзул нар Монголын телевизүүдийн 1969-1999 онд бүтээсэн жүжиг, уран сайхны кино, богино хэмжээний драм гэх мэт телевизийн драмын бүхий төрлийн бүтээлийг бүртгэж, судалгааны үр дүнг нэгтгэсэн “Монголын телетеатр” ном хэвлүүлэв. 2000 оны 1-р сарын 24-нд Хүүхдийн урлан бүтээх төвд уран бүтээлчдийн уузалт ярилцлага, 3-р сарын 13-наас 20-ны өдрүүдэд  Монголын Хүүхдийн ордонд “Телетеатр-30” үзэсгэлэн зохион байгуулсан билээ. Энэ үеэр драмын тухайн төрөл жанрын хүрээнд хийглсэн анхны бүтээлийг тодруулан, уран бүтээлчдэд нь батламж олгосон юм.

Х.Наранжаргал

2007.08. 12