Телевизийн түүхээс

Телевизийн түүхийг киноныхоос  салангид ойлгоход хэцүү. Анх киноны хүн төрөлхтөнд авчирсан “дэлбэрэлт"-тэй харьцуулахад телевиз “цочрол“ байсан гэж болно. Францын Люмер  овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд америкийн зохион бүтээгч Томас Альва Эдисоны (1847-1931) туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд "Галт тэрэг ирсэн нь", "Ажилчид үйлдвэрээс гарч байна" хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шанг татсан билээ.

Тэдгээрийг үзсэн хүмүүс өөр рүү нь зүглэн ирэх галт тэрэгнээс айхдаа суудлаасаа ухасхийн босон харайж зугтаж байсан гэдэг.


1927 онд жүжигчин Джонсон "Хүлээгээрэй! Та нар бүгдийг үзэж чадсангүй шүү дээ" хэмээн анх удаа кино дэлгэцээс дуугарсан ажээ. Үүнээс өмнө найруулагч Уоркер Брадерс тэр жүжигчнийг туршилтын кинондоо урьж, гурван дуу дуулуулжээ. Ийнхүү алдарт Лев Толстойн хэлснээр "Аугаа их  дуугүй киноны" эрин өндөрлөв.

Үзэгч кино театрт биш, харин гэртээ нэвтрүүлэх танхимаас алсад сууж, жижигхэн дөрвөлжин хайрцагаар юм үзнэ гэдэг бас л гайхамшиг байлаа. Телевиз харин киног бодвол шууд "дуутай" төржээ.

Хүн төрөлхтөн анх телевиз (television) гэдэг үгтэй танил болсноор эдүгээ 106 жил, телевизийн өргөн нэвтрүүлэг эхэлснээр дал шахам жил өнгөрчээ. Зураг дүрсийг долгионоор дамжуулж болох тухай янз бүрийн онолд эрдэмтэд эсрэг тэсрэг байр суурьтай ханддаг байжээ. 1884 онд Германы эрдэмтэн Пол Нипковыг дүрсийг зайд дамжуулах анхны практик шийдлийг олсон гэж үздэг байна. Тэр нь нүхэлсэн дискийг эргүүлэх санаа байв. Энэ диск гаднах хүрээнд нь байрлуулсан спираль дээр хорин дөрвөн нүхтэй байжээ. Объектоос туссан гэрэл нүхлүүртэй дискээр дамжин селенээр хийсэн торонд очно. Энэ дүрсийг хүлээн авагч бас туйлшруулсан туяагаар гэрэлтүүлсэн адилхан нүхлүүртэй дисктэй байх ёстой гэж Нипков үзжээ.

1900 оны 8-р сарын 25-нд Парис хотноо болсон Олон улсын цахилгаан холбооны бага хурал, үзэсгэлэнгийн үеэр Константин Перский хэмээх эрдэмтэн "Television" гэдэг илтгэл тавьсан байна. Энэ нь эрдэмтдийн өмнө хэрэглэж байсан телефот, телескоп зэрэг нэр томъёог аажимдаа халжээ. Телевизийн техник, технологийн хөгжилд Б.Розинг, В.Зворыкин, С.Свинтон, доктор М.Дикманн, Ж.Байрд, доктор А.Даувиллиэр зэрэг олон эрдэмтэн  хувь нэмрээ оруулжээ. 1926 оны 10-р сард Японд Кенжиро Таканаяги анхны жинхэнэ туршилтыг хийсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тэд бие биеэсээ тусдаа дүрсийг алсад дамжуулах аргыг боловсронгуй, чанартай болгохын төлөө зүтгэж байжээ. Энэ нь  тухайн үедээ том өрсөлдөөн, тэмцэл байсан гэдэг.

Петербургийн Технологийн дээд сургуулийн профессор Б.Л.Розинг электрон цацрагийн вакуумын төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсийг алсын зайд дамжуулах цахилгаан телескоп зохион бүтээж, 1907 оны 7-р сарын 25-нд анхныхаа туршилтыг хийжээ. Тэрээр өөрийн шавь, инженер В.Зворыкинтой хамтран шаргуу хөдөлмөрлөсний дүнд 1911 онд чанарын шаардлага хангасан дүрс хүлээн авсан нь гэрэлтүүлсэн төмөр тор байсан байна.  В.Зворыкин хожим нь Америкт цагаачилж, орос, англи, герман түнштэй болж, телевизийн техникийг боловсронгуй болгоход үлэмж хувь нэмэр оруулсан байна.

Харин телевизийн тогтмол өргөн нэвтрүүлэг эхэлсэн тухай янз бүрийн эх сурвалжид янз бүрээр бичсэн байх юм. Зарим нь телевизийг "анх 1934 онд Их Британид үүсч, хоёр жилийн дараа Орост анхны нэвтрүүлэг эхэлсэн" гэж дурдсан нь зөрүүтэй байна. Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг техникийн туршилт, чанартай дүрс хүлээн авсан, эсвэл өргөн нэвтрүүлэг эхэлсэн үе зэргээс хамааран  тогтоосноос ийм зөрүү гарч буй бололтой. Жишээ нь, "Телевизонная журналистика" номдоо Оросын судлаач Г.Кузнецов" 1931 онд Москва хотноо "Нипковын диск" дээр үндэслэгдсэн механик аргаар дүрс дамжуулж эхэлсэн нь өргөн нэвтрүүлгийн эхлэл байсан" гэжээ. Харин А.Амбрамсон "Телевиз. Олон улсын түүх" номд "Baird Television Ltd. компани 1929 оны 9-р сараас эхлэн Лондон хотноо Би-Би-Си-д зориулан телевизийн өргөн нэвтрүүлгийн туршилтын үйлчилгээ эрхэлж байсан" гэсэн байна. А.Амбрамсон, мөн Ж.Биттнер (Мэргэжлийн өргөн нэвтрүүлэг. Товч танилцуулга) нар телевизийн өргөн нэвтрүүлгийн чанартай үйлчилгээг 1936 оны 11-р сард Лондонгийн телевизийн үйлчилгээ (London Television Service) анх эхэлсэн нь гайхамшигтай амжилт байсан" гэсэн байна. Үүнээс өмнө 1935 оны 3-р сарын 22-нд Германы шуудангийн газар Берлин хотоос нэвтрүүлэг дамжуулсан боловч дүрсний чанар нь муу байжээ. 1936 онд Берлин хотноо болсон Олимпийн 11-р их наадмыг телевизээр үзүүлсэн боловч дүрсний чанар бас л хангалтгүй байсан байна.

1939 оны 4-р сарын 30-нд Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг дамжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ.

Харин дэлхийн II дайн телевизийн хөгжлийн хурдыг нэг хэсэгтээ сааруулсан байна.

1959 оны 9-р сард Японы Тошиба корпорацийн ажилтан Норизаку Савасаки дүрс бичлэгийн төхөөрөмжийг нийтэд танилцуулжээ. Үүнээс хойш телевизийн техник улам боловсронгуй болж, үзэгчид урлагийн бүтээл, улс төр, нийгмийн үйл явдал, спортын тэмцээн, ер нь юм бүхнийг гэрээсээ үзэх болов. Хослол зураг (инкрустаци), дүрс бичлэгийн кино, сансрын хиймэл дагуул, киноныхтой ижил том дэлгэц, компьютер, CD,VCD, DVD, онлайн телевиз гэх мэтчилэн телевиз чухам л сансрын хурдаар хөгжиж байна.

Радио өргөн нэвтрүүлэг 1932 онд Улаанбаатарт, 1934 оноос орон даяар  эхэлжээ. 1967 онд монголын анхны телевиз " Монголын Зурагт Радио" нэртэйгээр байгуулав. Монголын Зурагт Радио 1967 оны 7-р сарын 1-нд өргөн нэвтрүүлгийн туршилт хийж, Ардын Хувьсгалын 46 жилийн ойн баярын хурал, концертыг дамжуулсан байна. 1967 оны 9-р сарын 27-нд тогтмол нэтрүүлгээ эхэлжээ. Эхний үед нэвтрүүлгийг шууд дамжуулан үзүүлдэг байв. 1960-аад оны дундаас дүрс бичлэгт шилжиж, 1970-аад оноос сансрын холбооны хиймэл дагуулын "Орбит" станц ашиглалтад орж, Зөвлөлтийн төв телевизийн нэвтрүүлэг үзэх боломж нээгдсэн юм.

1976 онд Монгол телевизийнхэн " Намын 17-р хурлын өмнөх Улаанбаатар" нэртэй анхны өнгөт нэвтрүүлгийг бэлтгэн дамжуулжээ. Монголын радио, телевизийн шинэ төв 1989 оны 12-р сарын 18-нд ашиглалтад орж, 1991 оноос сансрын холбооны "Азиасат"системээр  бүх орон даяар нэвтрүүлгээ цацах боломжтой болсон юм.

 1990 оны эхээс улс оронд өрнөсөн нийгмийн өөрчлөлт манай улсад хувийн хэвшлийн телевиз байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн билээ. Анхны хараат бус телевиз болох "Чөлөөт телевиз" (захирал Ц.Төрмандах) 1992 оны 4-р сарын 25-нд, "Мэдээлэл, арилжааны чөлөөт суваг" (захирал Д.Гарам-Очир) 1992 оны 5-р сарын 25-нд анхны нэвтрүүлгээ үзүүлжээ. 1992 онд хуучин Телекино үйлдвэрийн суурин дээр "Улаанбаатар" телевиз байгуулагдсан нь одоо UBS суваг болон