Монгол телевизийн Соёл урлагийн редакцийнхан

Соёл урлагийн редакцид очихын өмнө

1985 он миний хувьд содон жил байсан юм. Би IX сарын нэгнээс Хүүхдийн редакциас Соёл урлагийн редакцид шилжин ирж билээ.

1985 оны ажлын тайланд би бичжээ. “XI сарын 15-ны байдлаар 27 нэвтрүүлэг бэлтгэн эфирт гаргаснаар тав нь чанар, арав нь илүү сайн үнэлгээ авсан. Энэ нь бүх нэвтрүүлгийн 55.5 хувь байна”.
Би “Бүхий олон багачууд”, “Таван дэлбээ”, “Эрэн сурвалжлагчдын клуб” нэвтрүүлэг хариуцаж байв. Тэр жил Монголын пионерийн байгууллагын 60 жилийн ой болж байв. Би “Төөрсөөр төрөлдөө” кинонд тоглож, Гөлгөө нэрээрээ олонд алдаршсан найруулагч М.Чойжамцын хамт “Эрэн сурвалжлах клуб” шинэ нэвтрүүлэг санаачлан, бэлтгэж эхэлсэн юм.


Нэлээн юм уншиж, судалгаа хийв. МПБ-ын түүхэнд тэмдэглэгдсэн олон үйл явдал, хүн байх. Гэвч тэдгээрийн зарим нь “Фронтод морь бэлэглэсэн гуравдугаар бага сургуулийн сурагч Долгорсүрэн” гэх мэт нэр дурдсан төдий бүрхэг байлаа. Эдгээрийг баримтжуулан фондлоё гэж бодсон юм. Чой бид хоёр зургаан нэвтрүүлэг бэлтгэж, 1925 оны анхны 20 пионер, 1939 онд есөн настайдаа хөгжмийн салааны байлдагчаар Халх голын дайнд оролцож явсан Г.Доржпалам, хүүхэд байхдаа Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцсон Мажигсүрэн,  Алимаа, анхны “Таван онцын эзэн” тэмдэгтэн Нямхүү, хүүхдүүдээс анх түрүүн “Шударга журам” медаль хүртсэн Чулуунхүү зэрэг 50-иад ахмад пионерийг эрэн сурвалжилж, нэвтрүүлэгтээ оруулсан юм.

Дараа нь Ялалтын 40 жилийн ойд зориулан “Эрэн сурвалжлагчдын клуб” нэвтрүүлгээ дахин гурван дугаар бэлтгэсэн юм. Үүнд хүүхэд насандаа “Алтан гадас” одонгоор шагнуулж, улсын анхны “Ударник” цол хүртсэн Ичинхорлоо, хайртай долоон морио фронтод бэлэглэсэн Долгорсүрэн, 1945 оны дайнд хурандаа Нянтайсүрэнгийн удирдсан хуягт бригадын хөгжмийн салааны байлдагчаар оролцож, “Бид ялав” медалиар шагнуулсан Цагаан, Төмөрбаатар, Батхүү, Цэрэндорж нарыг эрэн сурвалжилж олсон юм. Чой бид хоёр олон жил уулзаагүй, хөгжмийн салааны дөрвийг гэнэт уулзуулж, үзэгчдэд “сюрприз” барих санаатай түрүүлж ирсэн нэгий нь нэвтрүүлэх танхимд суулгав. Нэг нь хараахан ирээгүй байлаа. Үлдсэн  хоёрын нэгийг нь Хүүхдийн, нөгөөг нь Залуучуудын редакцийн өрөөнд суулгасан чинь бие засах гэж яваад бие биетэйгээ уулзаж, бидний санаа талаар болов. Хожигдож ирсэн дөрөв дэх хүнийг бодсоноороо нэвтрүүлэх танхимд гэнэт оруулж иртэл өөдөөс нь гэрэл гялбаж, юун хүн онож танихтай мантай. Тэд уулзаагүй 20 шахам жил болсон гэж ярьж байсан юмдаг. Яваандаа бие биеэ таньсан боловч юу ч болсонгүй. Сэтгэлийн хөдөлгөөн, хөөрлөө  дарж чаддаг, төрөлхийн ичингүй монгол зан бидний бодож олсон ”аугаа сюрприз”-д саад болсон билээ. 

Чойгоос би маш зүйл сурсан. Тэрээр Монголд Хүүхэлдэйн театрыг үндэслэн байгуулагчийн нэг, цуцашгүй хөдөлмөрч, мах цусны найруулагч байсан. Бид түүнийг ээлжийн амралт эдэлж, хагас, бүтэн сайн өдрөөр амарч байсныг мэдэхгүй. Учир нь тэр хэзээ ч амарч байгаагүй, бие сэтгэлээ бүхэлд нь Монгол телевизэд зориулсан нэгэн байлаа.

Чой бид хоёр энэ нэвтрүүлгийн хүрээнд Ардын уран зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгээс ярилцлага авсан юм. Тухайн үед түүнээс ярилцлага авах телевизийнхэнд хамгийн хэцүү ажлын нэг байсан. Тэрээр телевизэд ярилцлага өгөхийг зөвшөөрдөггүй, үргэлж татгалздаг байв. Зориглон гэр рүү нь залгавал  ямар ч атугай уулзахыг зөвшөөрөв. Би туйлын баяртай. Гэвч тэр их хүний сүрээс айж байв. Чойгоо хань татаж, хамт явлаа. Уул нь энэ бол цэвэр зохиогч, редакторын ажил л даа. Үдэш болж байсан юм даг. Нэлээн удаан цохиулсны эцэст хаалгаа тайлав. Тэр үед гэр бүл нь Орос руугаа буцаад ганцаараа суудаг байсан. Ажлынх нь өрөөнд оров. Миний зүрх өвдөх шиг болж билээ. Цонх, шал, ном, ер нь бүх юм  нь тоос шороонд дарагдсан, хараа нь муудаж, томруулдаг шилээр номоо үздэг болсон байлаа. Өвгөн эрдэмтэн зөвшөөрөх янзгүй. Чой ухаан сийлж, хогийг нь асгаж өгөхөөр гарав. Би “Чемодантай юм” өгүүллэгийг нь магтаж, Харц ардын хүү, хатиган овгийн …”гэх зэргээр түүний бичсэн ном зохиолоос иш татан, сэтгэлий нь хөдөлгөхийг эрмэлзэв. Наашлах янз алга. Ярьж, ярьж, хүүхдийн нэвтрүүлэгт яриа авах тухай сонсоод өвгөн эрдэмтэн жаахан зөөлөрч, зөвхөн фронтод бэлэг хүргэж явсан тухайгаа маш товчхон ярилцлага өгөхийг зөвшөөрөв. Миний баярласан гэдэг тоймгүй. Давраад хоёр гурван хүүхэд авчраад асуулт тавиулмаар байна гэвэл нэг их цааргалсангүй зөвшөөрлөө. Ярилцлагыг 16 мм-ийн кино хальсаар авсан. Фондод байх ёстой.

Соёл урлагийн редакцид ирсэн нь

Тухайн үед Залуучуудын редакцийн хариуцлагатай редактор байгаад Москвад дэд эрдэмтэн болсон сэтгүүлч Ю.Эрдэнэтуяа Монгол телевизийн дарга байв. Би түүнтэй уулзаж, Соёл урлагийн редакцид ажилламаар байгаа тухайгаа зориглон хэлэв. Тэнд нэг орон тоо гарсан байлаа. Гайхаж байгаа бололтой. “Ярилцая” гэж байна. Ер нь Туяа дарга уран бүтээлчид, уран бүтээлийн шинэ соргог санааг сайн дэмждэг, программ төлөвлөлт, сүлжээ, боловсон хүчний бодлогод ихээхэн анхаарал хандуулдаг байлаа.  Ер нь өөрөөр ажиллаж эхэлснийг телевизийн хууччуул одоо ч хүндэтгэн дурсдаг. Чухам түүний үед туслах найруулагчаар ажиллаж байсан Төрмөнх, Г.Энхбаатар, М.Амгалан гэх мэт залуучууд редактор болсон юм даг. Монгол телевизийн нэвтрүүлгийн чанар дээшилж, төрөл зүйл нь олширон, урын сан нь баяжсан юм даг.

Ямартай ч намайг Соёл урлагийн редацид шилжүүлэх шийдвэр гарчээ. Би өнөө хэр гайхдаг юм. Эсвэл телевизийн удирдлага надад итгэсэн байх, эсвэл миний Хүүхдийн редакцид байхдаа хааяахан хийдэг байсан драмын елемент агуулсан зарим нэвтрүүлэг нөлөөлсөн байх. Дуламсүрэн найруулагч бид хоёр Шинэ жилд зориулсан “Ширээн дээрх зочин” гэж нэвтрүүлэг хийв. Нэвтрүүлгээ дунд сургуулийн уран зохиолын хичээлээр ордог гадаадын сонгодог бүтээлүүдийг зохиомжлон багт наадам маягийн юм болгон, завсраар нь Багшийн дээд сургуулийн гадаадын уран зохиолын багш Шархүүгээр товч тайлбар өгүүлэн  зохиомжлов. Нэвтрүүлгийг Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романы баатруудаар хөтлүүлэв. Нэвтрүүлэгч Батбаяр Артанъяан болсон юм. Энэ нэвтрүүлэг зохиомж, ур хийц сайн боловч үнэлгээ авсангүй. Эвлүүлгийн цагийг ихээхэн хэтрүүлж, үр ашиггүй зардал гаргаснаараа Монгол телевизийн түүхэнд хамгийн зартай нэвтрүүлэг болж билээ.

Бас нэг удаа Ч.Янжмаа найруулагч бид хоёр физикийн хичээлээр “Телеолимпиад” хийлээ. Янжаа эгч миний анхны найруулагчийн нэг. “Аман хуур” кинонд тоглосон. Санаснаа шулуухан хэлдэг, цайлган сэтгэлтэй, хүнд тусч. Намайг их юм сургасан ачит хүн. Телеолимпиадынхаа даалгаврыг өгөхдөө драмын зохиомж хийв. Дунд сургуулийн нэг сурагч физикийн хичээл дээр үзэснээ шөнө нь зүүдэлнэ. Хүний нүдэнд өртөхгүй өчүүхэн атом, молекул хэдэн зуу, мянга дахин өсөж, том болон түүнд үзэгдэнэ.

Энэ нэвтрүүлгээр Янжмаа эгч, техникч Отгондорж бид гурав телевизийн түүхэнд анх удаа техникийн хоёр том туршилт хийсэн юм. Нэг нь ВМЗ дээр  макетны инкрустаци (хослол зургийн арга гэсэн үг л дээ), хоёр дахь нь нэвтрүүлэх танхимаас шууд дууны нөхөөс хийв. Эхнийх нь том амжилт болж, сайшаал, хоёр дахь том алдаа болж зэмлэл хүртэв. Уул нь буруу хэлсэн ганцхан үгийг нэвтрүүлэгч Нарантуяа нэвтрүүлэх танхимаас өгүүлбэрийн дунд зөв болгож нөхнө гэдэг бүдүүлэгдүү техниктэй тэр үед Отгондоржийн ур чадварыг сорьсон, техникийн боломжийг ашигласан бахархмаар алхам байсан ч бид хариуцлагагүй, сахилгагүйд тооцогдсоныг эргэн дурсахад  инээд хүрмээр. Ер нь тэр үед эвлүүлэг хийхийн тулд Техникийн хэлтсийн дарга Доржоос “нэг залгаасын зардал 3000 төгрөг“ гэх мэт бичүүлээд зөвшөөрөл авна л даа.   Нэвтрүүлгийг бэлтгэлээ сайн хангаж, зогсолтгүй шууд бичих ёстой. Эвлүүлэг хийх нь сахилгын алдаанд тооцогддог байсан үе. Бичлэгийн үеэр янз бүрийнй юм тохиолдоно. Кадрт байсан хүүхэд гэнэт хамраа ухна. Ийм тохиолдол бүрт эфир явж байхад нэвтрүүлэх танхимаас адил төсөөтэй фото зургаар нөхөөс хийдэг байсан юм.

Ингээд би хүүхдийн биш, соёл урлагийн хүн болов.  Манай редакци II студэд, одоо UBS сувгийн байранд төв байрнаасаа, зайдуу байрлана. Хариуцлагатай нарийн бичгийн даргаар хүүхдийн зохиолч Т.Жамъяансүрэн ажиллаж байв.  Би “Соёл эрдэнэ”, “Теле аялал” , “Урын сан”, “Уран бүтээлчийн хөрөг”, “Үгийн увдис” зэрэг нэвтрүүлэг дээр, найруулагч Ц.Жандал, Б.Жаргал нартай хамтран ажиллаж эхэлсэн юм. Монголын нэрт шог хошин зохиолч асан Ж.Барамсай манай редакцид байв. Манай ассистент найруулагч “Алтан Өргөө” киногоор олны танил болсон Норжмаа, туслах найруулагч Батнасан байсан.  Батнасан гэж оёдлын мэргэжилтэй, юм л бол “Заяа нь дэлгэр” гэж уулга алдддаг эцэж цуцахгүй ажиллаж, редакцийн “муу” бүх ажлыг нугалдаг эрэмгий хүүхэн байсан. Түүнийг урлагийнхан нэрээр нь биш, Заяа нь дэлгэр гэж дууддаг байж билээ. 

1986 онд Жандал бид хоёр “Номын хувь заяаг хэн шийддэг вэ?” асуудал дэвшүүлсэн гурван нэвтрүүлэг бэлтгэв. Ийм төрөл жанрын нэвтрүүлэг ховор байсан тул Туяа дарга, Жаргал дарга хоёр жигтэйхэн уриалгахан хүлээн авлаа. Соёлын яамны Хэвлэлийн нэгдсэн редакци, хэвлэх үйлдвэр, номын сан, дэлгүүрээс хийсэн нэлээн хурц шүүмжлэлтэй нэвтрүүлэг болов. Номын сангаас уншигчид төдийлөн  авдаггүй, номын  дэлгүүрт борлуулагддаггүй номын тухай шүүмжилсэн чинь зарим МАХН-ын гишүүн, ахмад зохиолч гомдол гарган Төв Хороонд дуудагдлаа. Манай телевизийн дарга байсан С.Гончиг гуай уулзав. Нэг их зэмлэсэнгүй. “Ер нь сайн нэвтрүүлэг болсон. Гэхдээ хийдгээ хийчихсэн ахмад зохиолчдыг гомдоож болохгүй” гэж байна. Радиод ажиллаж байсан залуу халуун нэг найрагч Жандал найруулагчийг ариун цэврийн өрөөнд шахаж, агсан тавьсан тохиолдол гарав. Үүнээс бусдаар гайгүй өнгөрсөн юм даг.

Урамшсан гэх үү, сэтгэл хатгасан гэх үү, “Хэвлэл уншигчдад хүрэх замд” гэсэн хөдөө орон нутагт хэвлэл түгээх ажлын ололт дутагдлын тухай нэвтрүүлгийг Говь-Алтай аймгаас бэлтгэв. Удалгүй хэрэг мандаж, “Тоншуул” сонинд сэтгүүлч Наранжаргал очсон газрынхаа нэрийг буруу бичсэн гэсэн шүүмжлэл гарсныг нутгийн нэр үл мэдэх, таних нэг жолооч бичсэн байв. Тэр үед “Тоншуул”-д шүүмжлэгдсэн хүн шийтгэл хүлээхгүй, ажилтайгаа үлдэнэ гэж бараг байхгүй байсан үе. Би нэг ч газрын нэр буруу бичээгүй гэдгээ сайн мэдэж байв. Одоо бодоход шүүмжлэгдсэн хүмүүсийн матаасархуу юм байсан юм болов уу. Аз болоход дарга нар үүнийг нэг их  ойшоосонгүй, би ч ял зэмлэлгүй өнгөрсөн.

Энэ редакцид ажилласандаа би өөрийгөө туйлын аз жаргалтайд тооцдог. Би зохиолч Д.Цэвэгмид, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Ч.Чимид, Л.Лхамсүрэн, Ц.Гайтав, найруулагч, эрдэмтэн Э.Оюун, найруулагч Ж.Жигжид, Ж.Бунтар, Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж, Нямгаваа, зураач Ү.Ядамсүрэн, Д.Чойдог, Сэнгэцохио, уран барималч Ц.Амгалан, циркчин Цэнд-Аюуш, Л.Нацаг, мөн олон тооны ахмад, залуу жүжигчин гээд монголын урлагийн сор болсон хүмүүсийн тухай хөрөг хийж, заримаас нь ярилцлага авч, өөрөө ч тэдний уран бүтээлээс суралцаж байсан юм. Бас зөвлөлтийн алдарт кино найруулагч Ю.Озеров, алиалагч О.Попов, хөгжмийн зохиолч С.Шаинский нартай уулзаж ярилцлага хийх ховор боломж олдсон юм.

1986 оны 11-р сарын 1-нээс намайг Соёл урлагийн редакцийн хариуцлагатай редакторын үүрэг гүйцэтгэгчээр томилов. Удирдах ажил гэж салбаганаснаас өөрийгөө хөгжүүлэх нь надад илүү чухал байв. Жүжиг, киноны зохиол бичмээр…

 Би дотроо хичнээн дургуй байсан ч редакцийнхаа ажлыг унагачихгүйг хичээнэ.  Харин надад гар, сэтгэл нийлж ажилладаг сайн хамт олон байв. Редакцдаа хамгийн залуу нь би. Бас надаас бусад нь мундаг учир би дотроо өнөө хэдийгээ томчууд гэж нэрлэнэ. Үнэхээр ч том юм чинь. Алдартай зохиолч, зураач. Цөм гадаад, дотоодод утга зохиол урлагийн боловсрол мэргэжил эзэмшсэн. Би тэдэнтэй харьцуулахад “провинциалка”. Миний инженерийн болон сэтгүүлчийн диплом үүний дэргэд юу ч биш. Гэвч бидний ажил найрсаг харилцаа, бие биеэ хүндэтгэх, ойлгох, уран бүтээлээ дээдлэх, зохирах захирагдах ёсны эрхэм соёлын тод сайхан жишээ байсан гэж боддог. Хэн яг хэдийд ажиллаж байсныг би сайн санахгүй байна. Гэвч би хамт ажиллаж байсан нөхдөө дурдая.

Найруулагч, зураач Ц.Жандал, найруулагч Б.Жаргал, найруулагч О.Соёлт, редактор зохиолч Ж.Барамсай, Д.Намсрай, Гүнжидмаа, До.Чулуунбаатар, ассистент найруулагч Ц.Норжмаа, туслах найруулагч Батнасан. Сүүлд нь манай редакци өргөжиж, редактор Ч.Болд, О.Жигмэдготов, найруулагч П.Туваанжав, ассистент найруулагч Ё.Цог, туслах найруулагч М.Амгалан нар нэмэгдсэн юмдаг.  Хүүхэд, залуучуудын театраас жүжигчин Л.Нямсүрэн ирж, ассистент, дараа нь найруулагч болсон. Хожим найруулагч болсон дууны оператор  Л.Нацагням бас манай редакцид туслахаар ажиллаж эхэлсэн. 

Бид сүлжээт нэвтрүүлгийн зэрэгцээ бүрэн, богино хэмжээний жүжиг, драмын бүтээл бэлтгэх үүрэгтэй. Зөвхөн 1986-1987 онд бид нийт  бүрэн хэмжээний  9 жүжиг, драм, богино хэмжээний 25 жүжиг, драмын бүтээл туурвисан юм.  Энэ онд бид телевизийн хөдөлмөрийн аварга редакци болж, хүндэт самбарт зургаа тавиулж билээ. Бүгдээрээ баяртай байсан

“Айхгүй ч гэсэн аягүй” гэж эрхбиш дарга нь юм болохоор тэд надаас жаахан жийрхэнэ. Манай Барамсай  гайхалтай хөдөлмөрч. Туйлын цайлган. Нэвтрүүлгийн зохиолыг нь “Би шог зохиол мэдэхгүй байж болно. Нэвтрүүлгийн зохиолыг бол гадарлана шүү “ гээд л буцаагаад шидчихнэ. Барамсай тэрүүхэндээ уурлаж, тонтогнон зохиолоо шургуулга руугаа шидчихээд гараад явна. Маргааш нь засчихсан байна. Ер нь тэр шөнө унтдаггүй байсан шиг санагддаг юм.

Тэднийх манайх хоёр ойролцоо. Заримдаа үүрээр орж ирдэгсэн. Шөнөжин зохиолоо бичээд, нүд улайчихсан хүн, нэг уран бүтээлийн ард гарсан баяраа хуваалцах гэж орж ирнэ. Заримдаа би нойроо харамлаж, уур хүрээд хөөгөөд гаргадагсан. Дарга нь болохоор хааяа түүнийг зарна. Тэгэхээр тэр “Чи ер нь омголон, бардам. Урд насандаа ямар ноёны хатан байсан юм бэ?” гэдэгсэн.

Манай томчууд хааяа нийлж савна. Надад хэлэхгүй гэж хоорондоо тохиролцдог гэсэн. Гэвч Жандал, Барамсай хоёр хэзээ ч нууж чадахгүй. Цуварч орж ирээд “Намайг хэлсэн гэж битгий хэлээрэй” гээд урд өдрийнхөө паянг дэлгэнэ. Би ч огт мэдээгүй хүн шиг сууна. Харин Соёлт андашгүй. Тэр уусан бол дөлөөд л байна.

Д.Намсрайг Москвад байхад “Алтан Прага” телевизийн наадамд оролцох замдаа би очиж уулзав. Уул нь би түүнийг “манай редакцид ирж, миний ажлыг аваач” гэж ятгах санаатай очив. Тэр халамцуу, нэг орос хүүхний зураг зурж байна. Миний ярьж хэлж байгааг сайн ойлгож байгаа эсэхийг бүү мэд. Хожим нь тэр Лена гэж нэг сайхан шүлэг бичсэнээ уухаараа уншиж гарна. Зураад байсан орос хүүхэн нь юм шиг байгаа юм.  Тэр төгсөөд манай редакцид ирлээ. Харин дарга болохгүй гэж байна. Би ятгаад дийлээгүй. Намсрайд бол  хүн бүхэн алтны хэлтэрхий. Тэр заримдаа эгээ л хүүхэд аятай  аяглана. Нэг удаа Намсрай зохиолынхоо шагналыг авлаа. Хоёр, гурван мянган төгрөг юм уу, санахгүй байна. Нэлээн л их мөнгө байсан. Өнөөх “алтны хэлтэрхийнүүдээ” дайлсаар байгаад 200 төгрөгтэй үлджээ. Уул нь ч багагүй мөнгө л дөө. “Зуун төгрөг задлаад өгөөч” гэж байна. Тэгсэн чинь эхнэртээ зуутын дэвсгэрт аваачиж өгсөнөөс аравтын хорин дэвсгэрт өгвөл их мөнгө санагдана гэнэ. Намсрай шиг хүн ховор. Ямартаа Дашдооров найрагч  “Намсрай минь дэлхий ганцхан нартай байхад чи гуравтай яана даа” гэж нэгэнтээ хошигнож билээ. Гурван нарных нь нэг дэлхийн Нар, гэргий Нараа, байнга зохиол шаардаж шаналгадаг дарга Нараа. 

Б.Жаргал голдуу жүжиг, драмын бүтээл хийнэ. Нэг удаа хэн билээ дээ, нэг нь “Жаргал найруулагчийн бие зүгээр үү?” гэж асууж байна. “Зүгээр. Яасан?“ гэсэн чинь “Нэг л биш ээ” гэх нь тэр. Гэтэл нэг удаа Жаргал найруулагч “Анюта” жүжгийнхээ бичлэг хийж байжээ. Түүний эхнэр жүжигчин Энхтуяа, Мягмарнарантай бие биедээ хайртай хоёр хүний дүр бүтээж байж. Гэнэт л “ВМЗ зогс!” гэсэн Жаргал найруулагчийн дуу хадаж гэнэ. Тэр явуулын станцаас үсэрч гаран студи рүү орсноо “Чи ингэж үнсдэг юм уу?” гээд л эхнэрээ загнаж гарсан гэнэ. Дараа нь тэр бас нэг удаа II студээс хуучин төв рүү алхаж явах юм гэнэ. “Отъезд! Назад!” гээд л ганцаараа яриад явсан гэх. Тэр уран бүтээлээ хийхдээ ингэж “уусдаг “ байсан. Тэр хэмжээгээр тэр телететарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм.

“Зан сайтынд хүн их цугладаг” гэдэг шиг манайхаар монголын нэртэй, том уран бүтээлчдийн цуваа тасрахгүй. Тэр сайхан хүмүүсийн яриа хөөрөө ямар ч дээд мэргэжлийн дипломоос илүү надад амьдралын их сургууль болсон юм.

1987 онд бид нэвтрүүлгийнхээ бодлого, төрөл хэлбэр, өнгө төрх, ур хийцийг өөрчлөх талаар нэлээн удаан санал солилцож, удирдлагад саналаа танилцуулсан юм. Ингээд 1988 онд долоо хоног тутмын “Урилга”, “Миний бодлоор бол…”, “Бага тайз” гэх мэт хэд хэдэн шинэ нэвтрүүлгийг эхлүүлсэн.

Туяа дарга мэдээ, мэдээллийн нэвтрүүлэгт их анхаарна. Чухам түүний үед манайх АНУ-ын CNN сувагтай холбоо тогтоосныг санаж байна. Заримдаа миний атаа хөдөлж, “Соёл урлагийн редакц гэж айлын шоовдор хүүхэд шиг” гэж цухалдана. Гэхдээ дарга бас урлаг, уран сайхны нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, редакцийг бэхжүүлэх чиглэлээр их ажил хийсэн юм.  Тэрээр телетеатрын хорин жилийн ой тэмдэглэх, хожим нь өөрийн найруулагч, жүжигчин бүхий  “Мэлмий” нэгдэл болон өргөжсөн жүжиг, киноны групп байгуулах зэргээр олон бүтээлч арга хэмжээ авсан юм.

Нэг удаа Зөвлөлтийн төв телевизэд хэд хэдэн хүн дадлага хийлгэхээр Захиргааны зөвлөлийн хурлаар ярилцав.  Туршлага судлах хүмүүсийн нэрэнд манай редакциас хүн алга. “Соёл урлагийн редакци телевизийн ачаа таталцахгүй” гэж бодож байгаа бол бүх нэвтрүүлгээ хасчих” гэж омогдоод би хурлаас гарч ирэв.  Ажил тарахын алдад Туяа дарга утасдаж, “Нараа, чи нэг ороод ирээч” гэж байна.

“За бас яах нь вэ” гэсэн увайгүй бодол төрж, толхилцоход бэлэн өрөөнд нь ортол тэрээр “Нараа, уучлаарай. Би чиний шүүмжлэлийг сонсоод сэтгэл тогтохгүй өдөржин бодлоо“ гэж билээ. Миний өнөө омог аль хэдийн дарагдаж, харин ч түүний өмнө буруутай юм шиг санагдан ичиж билээ. Дараа нь харин сохорсон биш завшав гэгчээр манайхаас Ё.Цог, О.Соёлт хоёр Зөвлөлтөд дадлага хийсэн юмдаг. Туяа дарга залуу, эмэгтэй хүн гэхэд аливаа юманд  их  ул суурьтай, нухацтай хандаж шийдвэр гаргана. Хүнийг үнэлж, урамшуулж чадна. Ажилдаа ардчилсан зарчмаар хандаж, хамтын шийдвэрийг хүндэтгэнэ. Удирдах ажилтнуудаас гадаадад туршлага судлах, хурал зөвлөгөөнд явуулах болоход хурлаар хэлэлцэж, өөрсдөөс санал авч шийднэ.

Намайг удирдах ажлын дөртэй болоход энэ хүн үнэлж баршгүй тус болсон билээ. Хүнтэй ажиллах, ажлаа төлөвлөх, хяналт тавих, тайлагнах зэрэг удирдлагын бүх ажлыг тэр зааж сургасан.  Дарга гэдэг захирахаас илүү зохион байгуулагч, доод хүмүүстээ үйлчлэхийн нэр гэдгийг би түүний удирдлагад ажиллаж байхдаа яс махандаа шингэтэл ойлгосон юм. 

1990 онд Монгол телевизийн захиргаа зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакци байгуулан намайг ерөнхий редактораар томилов. 

“Ардын уламжлал” нэвтрүүлгийг бэлтгэж байсан До.Чулуунбаатар, О.Соёлт хоёр Нийгэм, улс төрийн ерөнхий редакцид шилжив. Сэтгэл гунигтай байсан.  Тэр хоёр манай редакцид байхдаа “Ардын уламжлал”, “Хүмүүс” зэрэг цуврал нэвтрүүлэг хийж, бараг хийсэн бүхэн нь шилдэг болдог байж билээ.

 УСЕР-д хөгжмийн редакцийг нэгтгэн, хүүхэд, залуучууд зэрэг бусад газар уран сайхны, хөгжөөнт цэнгээт нэвтрүүлэг хийж байсан хүмүүс нэмэгдэж ирэв. Ерөнхий редакци бүр утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий найруулагчтай, төлөвлөгчтэй болсон юм. Манай программ төлөвлөгчөөр Г.Басдолгор ажиллаж байв. Тэрээр Москвагийн Их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн, мэдээний туршлагатай сурвалжлагч. Эрүүл мэндийн байдлаас болон ажлаа сольсон юм. Үндсэн ажлынхаа хажуугаар миний туслах хийнэ. Маш нямбай, цэвэрч. Би баахан цаас ширээгээрээ нэг тараагаад хаяна. Өглөө намайг ирэхэд цэмцгэр болсон байна. Намайг уурлахаар “Нараа тайвшир! “гээд л кофе, цай бариад ирнэ. Тэр бас соёл урлагийн тухай мэдлэг сайтай, Оросын сувгаар иймэрхүү нэвтрүүлэг их үзнэ. Янз бүрийн юм их уншина. Түүний санаа, зөвлөгөө ажилд их хэрэг болдогсон. Ажилд минь туслахын хажуугаар ахуй амьдралын нандин зөвлөгөө өгнө. Тэр гэр орноо сайхан авч явдаг, туйлын сайн эзэгтэй. Хэдийд ч орсон гэр орон нь цэвэр, цэмцгэр, тохь тухтай.

Нэг удаа манайхны нэг нь “Хорин төгрөг зээлүүлээч“ гэв. Би байсныгаа өгөөд гаргалаа. Үдээс хойш өөрөө хоолны мөнгөгүй болчихов. Баскагаас зээлэх хэрэг гарлаа. “Нараа, чи надаас лав хоёр дахин их мөнгө авах юм. Болдогсон бол чиний бүх орлогыг хурааж аваад хэрэгтэй үед чинь тасалж өгч байхсан” гэв. Би эмэгтэй хүний хувьд түүнээс олон юм сурсан боловч мөнгөө сайхан зохицуулж зарцуулдагийг нь өнөө хэр сураагүй.

Ерөнхий найруулагч маань С.Бадрах, утга зохиолын нарийн бичгийн дарга нь Ш.Гүрбазар нар байсан санагдаж байна.  

Бид Монголд хамгийн анхны теле марафоныг 1990 оны 3-р сарын 8-нд МҮЭ-ийн Төв Ордноос дамжуулсан юм. Энэ нэвтрүүлгийн явцад тухайн нийгэмд байсан эх үрсийн эмгэнэлт бодит явдлын тухай түүхийг дүрсэн өгүүлэмжээр үзүүлж, үзэгчдийн санаа бодлыг сонсож, хандив хуримтлуулах үйл ажиллагаа зохион байгуулсан билээ. Гурван цагийн турш үргэлжилсэн уг нэвтрүүлэг дээр техник, уран бүтээлчдийн нэлээн олон хүнтэй, том баг ажиллаж, телевизийн нэвтрүүлэх танхим, МҮЭСТО-г холбон, гудамжинд явж буй үзэгчдийг ч хамруулсан нь уран бүтээл, техникийн хувьд ч телевизийн түүхэнд тэмдэглүүштэй томоохон ололт болсон юм.  Нэвтрүүлгийн ерөнхий  найруулагчаар Ө.Цэвэлсүрэн ажиллаж, сэтгүүлч Ш.Гүрбазар, О.Энхтуяа нар хөтөлсөн. Нэвтрүүлэгт дуучид оролцон эх үрсийн тухай ая дуугаа өргөж байсан. Энэ өдөр Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан нь мэдэгдсэн юм. Монгол телевиз нийгмийн шинэтгэлийн энэ түүхэн үйл явдлыг шууд нэвтрүүлгийнхээ үеэр үзэгчдэд шуурхай мэдээлсэн юм.

Х.Наранжаргал, 2007.08.13