Сансрын мартагдашгүй өдрүүд

1981 онд буюу сансарт хүн ниссэний 20 жилийн ой тохиосон тэр жил Монгол хүн сансарт нисэх төлөвлөгөөтэй байжээ. Социалист орнуудын “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд БНМАУ иргэнээ сансарт нисгэсэн 10 дахь орон, манай иргэн сансрын 101 дэх нисэгч болох ёстой байлаа. Тэр үед ирээдүйн сансрын нисэгчийг сонгон шалгаруулах ажил аль эрт эхэлж, ЗХУ-ын Оддын хотхонд Ж.Гүррагчаа, Ц.Ганзориг гэж хоёр хүн бэлтгэл хийж байсан ажээ.  Мэдээж, энэ бүхэн тухайн үед нууц байв.

1980 оны эхээр Монгол телевизийн захиргаа надад Майн баярын жагсаалын зохиол бичих үүрэг даалгавар өгөв. Тэгэхэд би Монгол телевизийн Хүүхдийн редакцид редактораар ажиллаж эхлээд таван сар гаруйхан болж байв. Баярын жагсаалын зохиол бичих нь өндөр шагналтай, дадлага туршлагагүй залуу редакторт тэр бүр олддоггүй ажил л даа. Би айж, гайхаж байв. Гэтэл 1981 онд болох Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн сурвалжлах багт ажиллуулахаар намайг туршиж байсан ажээ.

Үүнд миний ЗХУ-ын Свердловск хот дахь Уралын политехникийн дээд сургуулийн инженерийн диплом нөлөөлсөн гэж хожим нь тухайн үед Монгол телевизийн Программын захиргааны дарга байсан Д.Жаргалаас сонссон. Би тэр үед хүүхдэд зориулсан спортын “Оноо, хурд, хурам”, “Телеолимпиад” хоёр нэвтрүүлгийн зэрэгцээ “Шинжлэх ухаан, техник” гэсэн хоорондоо тэс өөр гурван нэвтрүүлгийн редактораар ажиллаж байлаа.

1980 оны төгсгөлөөр Монгол телевизийн захиргаа сансарт хүн ниссэний 20 жилийн ойд зориулсан “Сансарт хүрсэн зам” долоо хоног тутмын цуврал нэвтрүүлэг бэлтгэх баг байгуулж, Программын захиргааны дарга Д.Жаргалаар ахлуулав. Энэ багийн бүрэлдэхүүнд эхлээд сэтгүүлч Ц.Пунсаа, ассистент найруулагч Машмаа, миний бие багтсан билээ. Энэ нь Монгол телевизэд ажилд ороод дөнгөж жил болох гэж байсан миний хувьд асар их хариуцлага, том аз завшаан байсан юм.  Телекино үйлдвэрийн найруулагч Д.Юндэндорж бас дараа нь бидэнтэй нэгдсэн. Манай ерөнхий найруулагч Б.Зориг түүнтэй ээлжлэн нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж байв. Эхний үед бид тус тусынхаа  редакцид тус тусынхаа төлөвлөгөөт нэвтрүүлгийг бэлтгэж, Ц.Пунсаа бид хоёр хажуугаар нь цуврал нэвтрүүлгийн төлөвлөгөөнд дээр ажиллаж байлаа.

“Сансарт хүрсэн зам” нэвтрүүлгийн “Сансар огторгуйд нисэх гэсэн хүн төрөлхтөний өнө эртний хүсэл мөрөөдөл” сэдэвт анхны дугаарын зураг авалт, бичлэг 1980 оны 12-р сард дуусч, 1981 оны 1-р сарын 4-ний өдөр үзэгчдийн хүртээл болов. Үүнээс гадна “Монголчууд сансар огторгуйн тухай мөрөөдөж байсан нь”, “Газраас тасрах гэсэн анхны оролдлого” хэмээх анхны цувралуудыг бэлтгэхэд тухайн үед Одон орныг судлах төвийн захирал байсан дэд эрдэмтэн Д.Баасанжав нэвтрүүлгийн зохиол бичих, хөтлөх зэргээр бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэнд одоо ч талархаж явдаг.  Ер нь ШУА-ын олон эрдэмтэн, мэргэжилтэн эрвийх дэрвийхээрээ тусалж, хамтран ажиллаж байсан.

Бидний нэвтрүүлгийн зохиол бүрийг МАХН-ын Төв Хороо, Хэвлэл утга зохиолыг хянах газрынхан уншина. Төв Хорооны Үзэл суртлын хэлтэст зохиолч Д.Гармаа биднийг хариуцах. 1981 оны 2-р сарын 1-нд эфирт гарсан “Монголчууд сансар огторгуйн тухай мөрөөдөж байсан нь” нэвтрүүлгийн зохиолоос “Монголын эзэнт гүрний үед зохиолч, эрдэмтэн Ифтихар  Эддин Мухаммед перс хэлнээс монгол хэлнээ  орчуулсан түүхэн эх сурвалжийн тухай хэсэг, “Мөнх хаан 1258 онд бага Ази, дундад Ази даяар алдартай, эрдэмтэн, одон орон судлаач Ходж-ад-дин-Тусиг тохиромжтой газраа од гараг ажиглан барилга барих зарлиг буулгасанд тэрээр Мерагү хотыг сонгон авч, маш сайхан одон орны оргил байгуулжээ” хэмээн XIII зууны үеийн Ираны түүхч Рашид-ад-дин “Судрын чуулган хэмээх түүхэн тэмдэглэлдээ бичсэн байна, “1271 онд Хубилай хаан зурхайн ном үздэг монгол хөвгүүдийн сургууль байгуулсан баримт түүхэнд хадгалагджээ” гэх мэт зүйлийг хасаж байсан юм. Энэ нэвтрүүлэгт дэд эрдэмтэн, өдгөө УИХ-ын гишүүн Б.Гончигдорж орж байлаа. Харин түүний дурдсан, Хүрлийн үе, Хүннүтэй холбоотой түүхэн баримтуудыг хасаагүй юм даг.

Бидний нэвтрүүлгийг үзэгчид ч талархан хүлээн авч, олон захидал бичиж байсан нь бас биднийг урамшуулж байв. Улсын клиникийн төв эмнэлгийн Рентген-радиологийн тасгийн эмч Д.Гомбодорж бидэнд талархал илэрхийлж, баяр хүргэн энэ нэвтрүүлэг “…телевиз үзэгч нийт хүмүүс сансар огторгуйн нууцыг танин мэдэж, мэдлэгийнхээ хүрээг өргөжүүлэхэд их хувь нэмэр болох нь дамжиггүй“ гэсэн байв. Ер нь аливаа мэдлэгийг үзэгчдэд системтэй олгоход Монгол телевиз тэр үед ихээхэн анхаардаг байсан.

Эхний хоёр нэвтрүүлэг маань уран бүтээлийн “чанар” үнэлгээ авч, бид ч урам зоригтой байлаа. Гэтэл “Газраас тасрах гэсэн анхны оролдлого” гэсэн гурав дахь нэвтрүүлэг маань 20 минутаар төлөвлөгдсөн нь ердөө долоохон минут болсон байж билээ. Сахилга хатуу тэр үед сануулга зэмлэлгүй өнгөрсөн нь миний хувьд “сонин” санагддаг юм. Шинэ, бас тэгээд хэцүүхэн даалгавартай байсан бидний хичээл зүтгэл, урам зоригийг бодож, захиргаа зөөлөн хандсан юм болов уу даа, одоо бодоход.  

Манай баг 1981 он гараад Монгол телевизийн хуучин төвд, харуулын дэргэдэх Зочны өрөөнд төвхнөж, хаалган дээрээ “Гадны хүн орж үл болно” гэсэн бичиг хадсан чинь харин хүн бүр хэрэгт дурлан шагайж байв. Пунсаа бид хоёр сансрын нислэгийн үеэр холбоо барихад монгол нисэгчээс асуух асуулт боловсруулах гэж хөглөдөгсөн. Дээр нь бас  нэвтрүүлгийнхээ зохиолд хариултыг нь бичих ёстой болдог. Сансрын тухай “а”-гүй миний хувьд энэ ажил том сорил байсан. Маш их юм уншиж судлах шаардлагатай байлаа. Ц.Пунсаа бид хоёр “Газардсаны дараахь таны анхны мэдрэмж”, “Сансарт нисэх, газардах хоёрын аль нь таны хувьд хэцүү байсан бэ?”, “Жингүйдлийн үед, жингүйдлээс гарсаны дараа та юу мэдэрч байсан бэ?”, “Жингүйдлийн үед зүүдэлдэг үү?”гэх мэтийн ерөнхий асуулт бэлтгэж байсан санагддаг. Ц.Пунсаа маань хамтарсан нислэгийн үеэр Москвад ажиллаж байсан болохоор бидний асуулт хэрэг болсон эсэхийг мэдэх байх.  Харин Жаргал даргын хувьд бол өөр. Тэрээр өөрөө физик техникийн суурь мэдлэгтэй, байнга их уншиж судалж байдаг, бас хамтарсан нислэгийн ажилд бүр эхнээс нь оролцсон тул их түшигтэй байсан.

1982 оны гуравдугаар сард шиг санагдаж байна. Зөвлөлтийн төв телевизээс Гадаад нэвтрүүлгийн орлогч дарга Углов, тайлбарлагч А.Н. Тихомиров нар ирж бидэнд зөвлөгөө өгөв. Александр Николаевич сансар судлалаар 15 жил ажилласан нэн туршлагатай сэтгүүлч байсан нь бидэнд их тус болж билээ. Бид түүнтэй ярилцлага хийж, “Сансарт хүрсэн  зам” нэвтрүүлгийнхээ 4-р сарын 4-ний дугаарт оруулсан юм. Тэрээр “Орон бүр өөрийн улсын нийтлэг шинжийг өөртөө агуулсан, Юрий Гагаринтай эн зэрэгцэхүйц тийм элч төлөөлөгч сонгож авахаа үүргээ гэж үздэг” гэж билээ. Монгол улс тийм хоёр хөвгүүнээ сонгон авч, Оддын хотхонд илгээсэн байлаа.

Бид 1981 оны 3-р сарын 21 хүртэл нийт 10 нэвтрүүлэг бэлтгэж, дараагийн өдрөөс нь эхлэн Монголын иргэн Ж.Гүррагчаа сансарт ниссэн түүхт долоо хоногийн турш өдөр бүр эфирт гарч байлаа. Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансарт хийсэн туршлага, монголын сансар судлалын түүх, амжилтын тухай бид урьдчилан олон зураг авч бэлдсэн байсан. Өдөрт нь зургаа авч, эвлүүлгээ шөнийн цагаар нууц байдалд хийдэг байж билээ.

1981 оны 2-р сарын 7-нд би ирээдүйн сансрын нисэгчдийн хүүхэд насны тухай хөрөг найруулал бэлтгэж, сансрын нислэгийн өдөр эфирт гаргах хүнд хэцүү даалгавар авч, Булган, Архангай аймгийг зорив. МРТУХ-ны 11 хүний бүрэлдэхүүнтэй сурвалжлах хэсэгт манай телевизээс би, зураглаач Тогтох, дууны найруулагч Бямбаа, гэрэлтүүлэгч Цогбадрах, Радиогоос яруу найрагч Мэнд-Ооёо, Улсын гэрэл зургийн газраас фото сурвалжлагч Бат-Эрдэнэ багтаж байлаа. Бидэнтэй Зүүн Германы АДН агентлагийн сурважлагч Кёллер, орчуулагч Ш.Алтансүх нар хамт явав. Бид манай телевизийн жолооч Халтархүү, Содном нарын УАЗ 69 тэргээр найм хоногийн томилолтын хугацаанд 2000 шахам км газар туулж, мэдээлэл материал цуглуулсан юм. Биднийг Улаанбаатараас гарахад ерөнхийдөө гол анхаарлаа Ж.Гүррагчаад хандуулахыг зөвлөж байсан боловч Ц.Ганзоригийн тухай яг адил хэмжээ, агуулгатай нэвтрүүлэг бэлтгэсэн байх ёстойг сануулсан юм.

Урьд өмнө уулзаж учирч байгаагүй, огт танихгүй мэдэхгүй хүмүүсийн тухай хөрөг найруулал хийнэ гэдэг санаанд багтахгүй байлаа. Би аль болох олон хүнтэй уулзаж, найрууллын баатруудынхаа тухай өөртөө тодорхой төсөөлөл бий болгож, дүр төрхийг нь тодруулахыг хамгийн түрүүн эрмэлзсэн юм даг. Бид тэдний эцэг, эх, ах дүү, хамаатан садан, найз  нөхөд, багш, дунд, дээд сургуулийн нэг ангийнхан гээд ойр дотных нь олон хүнтэй уулзсан. 

Булганы төв дээр Гүррагчаагийн ангийнхнаас ярилцлага авч байхад тэд догдолсондоо байн байн алдана. Тэгэхэд манай зураглаач Тогтох өчүүхэн ч уурлахгүй, харин ч марзагнан тэднийг хөгжөөж зоригжуулна. Тэд үүнд нь урамшиж, сайхан яриа болсон. Тогтох хааяа “Хүнээ яаж суулгах юм бэ? Алив, Нараа! Чи өрөлт хийгээдэх” гэнэ. “Би найруулагч биш” гэж би гөжнө. Түүнд зураглаачаас гадна нь найруулагчийн үүрэг давхар ноогдсон юм даг. Тэр Увсынх. Хожим биднийг сансрын нисэгчидтэй Улаангом очиход Тогтох үнэхээр ардын баатар шиг харагдаж билээ. Улаангомын бараг бүх хүн түүнийг таньдаг, хүндэлдэг болохыг хараад би биширч байсан.

Булган аймгийн Гурван булаг сумын  төвд уулзсан аймгийн намын хорооны дарга Шанас “Булган аймгаас Ардын хатан баатар Магсаржав, анхны Улсын баатар, анхны нисэгч, анхны гавъяат нисэгч, Улс ардын аж ахуйн 16 салбарын хөдөлмөрийн баатар төрсөн. Энэ бүхэн үнэн бол сансрын анхны нисэгч манайх байх ёстой“ хэмээн нэлээн итгэлтэй, бардам өгүүлж байлаа. Харин Архангай аймгийн Намын хорооны дарга Самданмөнх “Гүррагчаагийнх манай Тариатаас уг гарвалтай болохоор хэн нь ч сансарт ниссэн манайх гэсэн үг” хэмээн аминчлан хэлэв.

Хамгийн сонирхолтой ньь биднийг Гурван булагт очиход тэндэхийн бараг ноход нь “Манай Гүррагчаа сансарт ниснэ” гэж хуцах шахаж байж билээ. МАХН-ын Төв Хорооны нууц тушаалаар томилогдсон, төрийн нууц ажил хийж явсан  сэтгүүлч миний Улаанбаатарт байхдаа ч сонсоогүй “төрийн нууц” олон зүйл энд аль хэдийн ил болсон байхыг мэдээд хачин сандарсансан. Гүрүрагчаагийн сурч байсан сургуулийн тэргүүний сурагч охин сургуулийнхаа бахархан дуурайх хүмүүсийг нэрлэхдээ “Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа” хэмээн дуржигнуулахад би мэгдэж, “Ингэж болохгүй” хэмээн тайлбарлан хориглоод яриаг нь дахин авч билээ.

Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн тухай “Жигүүр ургуулсан бага нас” хөрөг найруулал түүний сансарт ниссэн өдрийн өглөө эфирт гарав.  Телевизийн хөрөг найруулал гэдэг над шиг шинэхэн, туршлагагүй сэтгүүлчид амаргүй, адармаатай ажил байв. Энэ нэвтрүүлгийн зохиомжийг тодорхойлох, тайлбарыг бичихэд миний багш, Монгол телевизийн анхны ажилтны нэг, сэтгүүлч  агсан Батын Дорж  сэтгэл харамгүй тусалж, бараг л миний өмнөөс хоёр зохиол бичсэн гэхэд хилсдэхгүй. Зөвхөн энэ ч биш, дээр дурдсан 1980 оны Майн баярын жагсаалын зохиол, өөр бусад олон зүйлд миний багшийн сэтгэл, ухаан шингэж, намайг сэтгүүлчийн дөртэй болгосон буянтай хүн.

Сансрын нислэгийн тов ойртох бүр ажил нэмэгдэж байлаа. Бид сансрын нислэгийг шууд дамжуулах бэлтгэл хийж, Москва-Улаанбаатарын хооронд  байнга техникийн туршилт хийх болов. Сансрын нислэгийн гарааг дамжуулах шууд нэвтрүүлгийн зохиолыг Д.Жаргал дарга, Монгол телевизийн Утга зохиолын нарийн бичгийн дарга, яруу найрагч агсан Т.Очирхүү бичиж, бэлэн болгосон байлаа. Анхны туршилтын үеэр Очирхүү дарга бид хоёр, орчуулагч, тухайн үед “Новости Монголии”  сонинд ажиллаж байсан сэтгүүлч Л.Лхагвадуламтай хамт телевизийн хоёрдугаар студид сууж, хэлэх үгээ давтан сургуулилж байв. Гэтэл яг туршилтын өмнө “сансрын тухай нэг ч үг дурсахгүй байх” тушаал дээрээс ирэв. “Сансар л гэж дуугарахгүй бол өөр юуны ч ярьж болно” гэв. Би ч нэг их юм бодсонгүй, Очирхүү даргын хэлсэн санааг үргэлжлүүлнэ дээ“ гэх шүү юм бодож суулаа. Гэхдээ сэтгэл их хөдөлж, сандарч байсан. Очирхүү дарга нэвтрүүлгээ эхэлж, “Цэлмэг хөх тэнгэрт одод түгсэн хаврын энэ сайхан шөнө...” гэснээ таг болчихов. Уул нь өмнө бэлэн болсон зохиол иймэрхүү санаагаар эхлээд “…монголчууд унтаагүй, түүхэн үйл явдлыг сэтгэл догдлон ажиглаж байна“ гэх зэргээр үргэлжлэх ёстой байв. Гэтэл тэр бас догдолж, сандарсандаа авсан тушаалаа мартчихсан бололтой. Тэр дахиж дуугарсангүй, нэлээд хэдэн минут өнгөрөв. Гэтэл Лхагвадулам “Эмэгтэй нь ярьж эхэл гэж байна“ хэмээн дамжуулав. Би эхлэх гэтэл бас үг олддоггүй. “Очирхүү даргын санааг үргэлжлүүлнэ” гэж бодож суусан хүн чинь “монголчууд шөнө юу хийж байгаа“ тухай түргэн сэтгэж чадсангүй балмагдав. Бас хэдэн минут өнгөрлөө.  Гэтэл Лхагвадулам ”Эмэгтэй нь дуугараач гээд байна шүү дээ“ хэмээн шавдуулав. Би санаанд орсноор нь “Монголчууд МАХН-ын 18-р их хурлын шийдвэрийг биелүүлэх итгэл төгс, урам зоригтой байна” гэх мэт хэдэн өгүүлбэр хэлэхчээн аядсан юм даг.

Туршилтын дараа би их ууртай байлаа. Очирхүү найрагчийг даргаа гэж мартаад хатуу үг хэлсэндээ бантаж, айгаад нэг хэсэгтээ түүнд халдаж чадахгүй, тойрч зугатдаг байсан.

Хожим нь, сансрын нислэг болсон шөнө, Телекино үйлдэрт эвлүүлэг хийж суутал тэр ороод ирлээ. Жаахан халамцуу байна. Тэгээд хамтарсан нислэгт зориулан гаргасан “Болор“ архинаас ууснаа гайхуулав. Тэгэхэд Төв Хорооны Товчооны гишүүд хоёрдугаар  студээс сансрын нислэгийн гарааг шууд үзсэн юм. Харин Ю.Цэдэнбал дарга Москвад байсан тул өмнө тусад нь зургий нь авч, шууд нэвтрүүлгийн дундуур үзүүлсэн. 

Шууд нэвтрүүлгийн дараа дайллага болсон юм байж.

- “Ямар архи байна?”

- Сансрын амттай, одны үнэртэй сайхан сархад байна

Ийнхүү бидний хүсэн хүсэн хүлээсэн мөч ирж, Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Жанибеков нар Союз-39 хөлгөөр сансарт дүүлэн нисэв. Тэд сумнаас гурав дахин илүү хурдтайгаар дэлхийг 140 гаруй удаа тойрч, 200 шахам цаг аялахдаа минут, секундээр хэмжигдсэн шахуу программтай, нарийн түвэгтэй, өндөр хариуцлагатай ажил хийж, эрхэм үйлсийг бүтээгээд амжилттай газардсан билээ.

Нислэг болохын өмнөхөн Монгол телевизийн хөтөлбөр дуусч, цаг орой болсон ч манайхан “Хаврын арван долоон учрал “Зөвлөлтийн телевизийн уран сайхны олон ангит киног үргэлжлүүлэн гаргасаар хамтарсан нислэгийн гарааг шууд дамжуулан үзэгчдэд хүргэсэн юм.

Монгол телевизэд өдөр шөнө нь мэдэгдэхгүй, их ажил ундарч байлаа. Би л лав бүтэн долоо гэртээ хариагүй.

Хамтарсан нислэгийн дараа юу ч нууц биш болж, редакци бүхэн өөрийн нэвтрүүлгийн үндсэн бодлоготой уялдуулан сансар, Гүррагчаагийн тухай ярьж байв.

Манай багаас Пунсаа, Юндэндорж хоёр Москвад ажиллахаар явж, найруулагч Ц.Жандал нэмэгдэж ирсэн. Бид хамтарсан нислэгийн үеэр, нислэгийн дараа  ЗХУ, Москвад болсон үйл явдлын тухай шуурхай нэвтрүүлэг  бэлтгэж байв. 1981 оны 4-р сарын 11-ний өдөр “Сансарт хүрсэн зам“ нэвтрүүлгийн сүүлчийн дугаар эфирт явж, манай дотоодын багийн ажил өндөрлөж билээ.

Гүррагчаа, Ганзориг нарын тухай өмнө нь олон сонсож, дараа нь нүүр царайг нь зурагтаар харсаар байгаад их л ойр дотны хүн шиг санагддаг болсон байв. Тэднийг хөндлөнгөөс судалж байхад, магадгүй, өөрсдөө урьд өмнө дуулж байгаагүй зүйлийг эцэг эх, төрөл төрөгсөд, найз нөхдөөс сонссон байх л даа. Харин би сансрын нисэгчидтэй тавдугаар сард Монголд ирэхэд нь анх удаа нүүр тулан уулзаж билээ. 1981 оны тавдугаар  сарын 7-ноос 16 хүртэл Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар Дархан, Эрдэнэт хот, Баян-Өлгий, Булган, Дорнод, Ховд, Увс таван аймгаар зочилсон юм. Хаа сайгүй тэдэнд дээд хүндэтгэл үзүүлэн, чадлынхаа хэрээр угтаж байв.  Энэ томилолт надад том завшаан, том олз болсон юм. Би зөвхөн тэднийг дагалдан үйл явдлыг сурвалжлан мэдээлэх бус бас улс орныхоо арвин түүх, соёл урлаг, ёс заншилтай улам илүү танилцсан. Зөвлөлтөд мэргэжил эзэмшсэн, европ сэтгэлгээтэй над шиг хүнд энэ их чухал байв. Домогт Халхын гол, шинэ залуу Дархан, Эрдэнэт хот, эртний түүхт Ховд, Улаангом, Чойбалсан, казах үндэстний тухай шинийг олж мэдэх тутам эх орноороо бахархан сэтгэл төрж байсан.

Ж.Гүрагчаагийн төрөлх нутаг, Булган аймгийн Гурван булаг сумд зочлоход В.Жанибековт даага бэлэглэв. Би түүнд хандан “Владимир Александрович! Та даагандаа нэр өгөөч” гэвэл тэрээр “Салют гэж нэрлэе” гэсэн юм даг. Гэтэл манай телевиз нэрийг нь “Союз” гэж дамжуулсанд их гайхлаа. Гэтэл “Үнэн” сонины сурвалжлагч андууран “Союз” гэж бичсэн тул манайхан ч бас тэднийг дагасан байв. Манай мэдээнийхэн залуу сэтгүүлч намайг андуурсан, эсвэл хариуцлагагүй гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд ч тэр үед “Үнэн” сонин үнэмлэхүй үнэний дуу хоолой байсан юм чинь. Гомдолтой байсныг нуух юун.

Сансрын багийн ажил үндсэндээ дууссан ч миний ажил үргэлжилж байв. 1982 онд Пунсаа, Машмаа бид гурав хамтарсан нислэгийн нэг жилийн ойд зориулан “Сансрын мартагдашгүй өдрүүд” таван цуврал хийсэн. “Сансар энхийн үйлст” нэвтрүүлгийн нэг дугаарыг Вена хотод болсон НҮБ-ын II багa хуралд зориулан найруулагч Даваасүрэнтэй хамтран орос хэл дээр бэлтгэн, нэвтрүүлэгч Д.Нарантуяа тайлбарыг уншиж байв. Монгол хувилбарыг 1982 оны 7-р сарын 20-нд үзэгчдэд хүргэсэн юм.

1983 онд  хамтарсан нислэгийн хоёр жилийн ойгоор “Сансар энхийн үйлст”, сансрын нисэгч Гүррагчаатай хийсэн сурагчдын уулзалтаас бэлтгэсэн “Бүхийн олон багачууд” 50 минутын нэвтрүүлэг хийсэн. Гүррагчаа баатар тэгэхэд “Хүүхдүүдээс захидал их ирдэг. Янз бүрийн л зүйл бичих юм. Гэхдээ л сансрын нисэгч ахаа төрсөн ах шигээ хүндэлж, баярласан, талархсан гэсэн агуулгатай зүйл бичдэг“ гэж байсан.

Сансрын хамтарсан нислэг үнэхээр монголчуудын сэтгэлд гүнзгий сэтгэгдэл, онцгой бахархал төрүүлсэн асар том үйл явдал байсан юм.

Гучин жилийн тэртээх сансрын өдрүүд миний амьдралын мартагдашгүй дурсамж билээ.

Монголын анхны телевиз байгуулагдсаны 40 жилийн ойн номд зориулав.
Х. Наранжаргал

2007.06.11